Соёл Урлаг
О.Бат-Өлзий: Ээж маань 10 хүүхэд төрүүлж өсгөсөн өдгөө 94 насыг зооглож байгаа буянтай бууралын насыг аваарай ээжүүдээ

Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн ээж өдгөө 94 насыг зооглож буй.Тэрээр өнгөрөгч мартын 8-наар цахим хуудаснаа ээжийнхээ зургийг дэлгэж ийнхүү бичжээ.
“Ээждээ болон бүх эхчүүдэд мартын 8 -ны баярын мэнд хүргэе. Ээж маань 10 хүүхэд төрүүлж өсөгсөн өдгөө 94 насыг зооглож байгаа буянтай бууралын насыг аваарай эхчүүдээ” хэмээв.
-Таны цэл залуу насыг мөнхөлсөн, жүжигчний замнал руу орсон алтан он жилүүдээ эргэн дурсвал?
-1981 онд Цэргээс халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Театртаа 16 жил ажилласан. Тэр үед Драмын театр, Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн хоёр театр байдаг байсан. Уран бүтээлийн цагаан өрсөлдөөн ихтэй он жилүүд байлаа. Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Ц.Готов, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн гээд луугар уран бүтээлчтэй хамтарч, нэг тайзан дээр ажиллаж байлаа. Миний үеийнхнээс гэвэл Ц.Төмөрбаатар, Л.Нямсүрэн, Н.Зориг, Б.Туяа, Б.Батзаяа, Ц.Цолмон, Ж.Сүххуяг, Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд шижигнэсэн залуус өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байлаа даа. Сайн ч уран бүтээл төрдөг байлаа. Энэ үед Дарханы театраас шуугиан тарьсан авьяаслаг найруулагч И.Нямгаваа шилжиж ирсэн л дээ. Тэр хүний нүдэнд нь өртөж, нэлээн хэдэн бүтээлд нь оролцож байснаараа бахархаж явдаг. Харамсалтай нь, 1990-ээд оны сүүлээр театрыг маань хувьчилж аваад, байхгүй болгочихсон.
-Таны аав бол Гавьяат жүжигчин У.Осор гуай. Хүү тань ч кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа. Удам дамжсан урлагийн хүмүү. Ааваасаа өвлөсөн нандин дурдатгалаа хуваалцвал?
-Манай гэрт урлаг буцалж байсан, одоо ч хэвээрээ. Аав минь Драмын театраас “Монгол кино” үйлдвэрт очсон. “Монгол кино” үйлдвэрийн орчуулгын жүжиг ангид ажиллаж, орос кинонд дуу оруулж байгааг нь харж өслөө. Д.Чимэд-Осор, Р.Дамдинбазар, Н.Дагийранз гуай, Д.Элбэгсайхан ах нарын хамт ажилладаг байлаа. Би ажил дээр нь хоол бариад л очно, тэд ч манай гэрээр их орж, гарна. Тэр бүхнээс л урлагийн хүн болох суурь минь тавигдсан гэж боддог. Манай ах нар балетчин, уран дархан, эгч нар төгөлдөр хуурын концертмейстер, зураач гээд бүгд л урлагийн хүмүүс дээ.
Бид багаасаа л уран зохиолын номтой нөхөрлөж өссөн. Нэг нь уншиж дуусахад бид залгаад л уншдаг. Гэрээр номоор дүүрэн. Дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлийг уншиж, оюун ухаан, мэдлэг, мэдрэмж тэлсэн гэж боддог. Д.Намдаг, Э.Оюун, С.Эрдэнээс эхлээд л гадаадын том том зохиолчдыг уншаад ирэхээр төсөөлөн бодох чадвар нэмэгдэж, дүрүүд нь ялгарч харагддаг байлаа. Энэ бүхэн жүжигчин болоход бэлдэж байж дээ.
-Жүжигчин хүн найруулагч болох, тэр тусмаа эх оронч түүхэн сэдэвтэй бүтээл хийх хүсэл эрмэлзэл, учир шалтгааныг ухвал?
-Миний хувьд 2001 оноос кино найруулж үзсэн л дээ. Найруулагчийн сургуулийг нь ч төгсөөгүй, амьдралын хар ухаанаар л хийдэг. 1981 оноос театрт ажиллаж эхлэхдээ И.Нямгаваа, Л.Лхаасүрэн, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Б.Баатар нарын хамаг л сайн найруулагчтай ажиллаж, муу, сайнаа хэлүүлж, нухуулж, элдүүр минь ханасан гэж өөрийгөө боддог. Найруулагч бүхэн өөр өөрийн гэсэн ааш араншинтай, түүнд нь тохируулж өөрийгөө илэрхийлээд сурчихдаг. Бараг л харцнаас нь уншиж, арга барилаас нь суралцаж ирсэн. Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын зохиол “Мөнхийн дуудлага” туужийг кино болгоё гэсэн бодол тээж явж байгаад, 2000 он гараад “Зүрхэнд шивнэсэн үг” нэртэй кино хийж байсан. Түүнээсээ маш их урам авч, одоо болтол найруулагчаар ажиллаад явж байна.
Орчин үед гэр бүл, хайр дурлал, найз нөхөрлөлийн тухай кино хийдэг хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс нь хийг. Миний эмзэглээд байдаг, үгүйлэгдээд явдаг орон зай бол тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх чин эрмэлзэл байдаг. Түүнийг уран бүтээлээр дамжуулж хүргэх хүсэл маань хэзээ ч унтарч байгаагүй. Хүү маань ч өсөж, эрийн цээнд хүрлээ. Хүүгээ дагуулаад олон кино хамтарч найрууллаа. Үзэгчдийн хандлагыг ажиглаад байхад өнөөгийн залууст үлгэрлэн дуурайх баатар хэрэгтэй байдаг юм байна. Бидний хийсэн кинонуудаас Тэгшээ шиг, Даваадорж шиг, Гиваан шиг баатрууд үйл хэргээрээ залуусыг үлгэрлэн дагуулж эхэллээ.
-Таны гэргийг Ардын жүжигчин С.Сарантуяа гэдгийг ард түмэн андахгүй. Уран бүтээлч хүний хувьд заримдаа санал зөрөлдөх үе байдаг уу?
-Байлгүй яах вэ. Ажил дээрээ ч, ар гэртээ ч дүр дээр ажиллах зохиолын зорилго, жанжин шугамыг ярьдаг л даа. Нэгнийгээ сөрнө, няцаана, дэмжинэ, урам өгнө тэгж байж зөв гаргалгаа гардаг. Сөрсөн асуулт тавьж байж зохиолын шалтаг шалтгааныг нь нэхдэг. Зөрчил байхгүй бол ус шиг л бүтээл гарна. Миний хань мундаг, болж байна гээд магтаад байвал тэр чинь хор болж буй хэрэг. Гэр дотроо нэлээн шүүлтүүр хийнэ. Хүү маань ч орж ирж, санал нэмэрлэнэ. Орчин үеийн залуусын сэтгэлгээ, зураг авалтын өнцөг, план нь өөр. Түүн дээр мань мэтийн хуучцуудын хашир ухаан сүлэлдээд ирэхээр тун нь сайхан таардаг болов уу.
-Урлагийн хүмүүсийг гэрийн бараа хардаггүй л гэдэг. Хоёулаа урлагийн хүн болохоор ар гэр, үр хүүхдийг яаж зохицуулж байв даа?
-Манайх гурван хүүхэдтэй. Манай том хүү дөрвөн ойтой байхад хоёр ихэр маань төрж байлаа. Манай эхнэр амаржаад ихэр хүүхэд төрүүлсэн учраас 70 гаруй хоног чөлөө аваад л ажилдаа орж байсан. Нэг хүүхэд төрүүлвэл 50 хоног чөлөө өгнө. Дөрвөн настай ахад нь хоёр ихрийг үлдээгээд л ажилдаа явдаг байлаа шүү дээ. Театр, гэр хоёр хоорондоо ойрхон учраас эхнэр маань хүүхдээ хөхүүлээд л гүйдэг байлаа. Бас хоёр театрын сул чөлөөтэй байгаа жүжигчид гэрт очиж, хүүхэд харах, хооллох жишээтэй. Манай гэрийн түлхүүр хэн нэгний халаасанд л явж байдаг байлаа шүү дээ. Хавар, намартаа Драмын театр зүүн аймаг руу гарахад, Хүүхэд залуучуудын театр баруун аймгууд руу томилолтоор явна. Урлаг соёлын ажил тийм нижгэр, өргөн далайцтай ард түмэнд хүрдэг байлаа. Гэрт хэдэн хүүхэд хараад өвөө, эмээ нь үлдэнэ.

-Та ТВ8 телевизээр гарч буй түүхэн сэдвээр хийгдсэн “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах санал ирэхэд хөнгөн жанрын, хөгжөөнтэй, энтертайнмент нэвтрүүлэг байх даа гэж бодож байсан. Ардын армийн 100 жилийн ойд зориулаад түүхэн сэдэвтэй шоу хийж байгаа нь маш их таалагдсан. Би өөрөө түүх бага зэрэг сонирхдог учраас надад ойр санагдсан. 1921 оны хувьсгалт тэмцэлд тэр үеийн залуучууд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан оролцож байсан нь одоогийн залууст маш сонин шүү дээ.
Тайзан дээрээс 100 жилийн өмнөх амьдралыг харна гэдэг надад маш сонирхолтой санагдсан
Маш ойлгомжтой, уран бүтээлч хэлбэрээр түүхээ залуустаа ойлгуулах ач холбогдолтой нэвтрүүлэг болж байгаад сэтгэл өндөр байна.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTelevisionTv8%2Fvideos%2F214583323759193%2F&show_text=false&width=476
-Тус шоу нэвтрүүлэгт “Их хувьсгал”, “Тусгаар тогтнол” нэртэй хоёр баг өрсөлдөж байгаа. Хоёр багийн өрсөлдөөн нэлээн ширүүн, дайчин, уран бүтээлч байдлаар өрнөж байгаа. Багийн гишүүдийн тоглолт, жүжиглэлт тал дээр ямар магтаал, шүүмж хэлэх вэ?
-Оролцож буй уран бүтээлчид залуу хүмүүс. Багийн ахлагч, жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр хоёр хошин урлагийн жүжигчид гэдгийг хүмүүс мэднэ. Бусад гишүүдийн хувьд түүхэн кинонд тоглож байгаагүй, зарим нь дуучин, эмч мэргэжилтэй хүмүүс бий. Тийм учраас тэдэнд хатуурхах сэтгэл надад төрөөгүй. Яагаад гэвэл, түүхийн сэдэв өгөөд хоёрхон хоногийн дотор тайзан дээр амилуулах учраас маш давчуу хугацаа байсан. Бүтэн зохиол бичих, найруулах, тайзаа засах, хувцас хунар, жижиг хэрэглэл, нүүр хувиргалт гээд маш их ажил түүний цаана өрнөдөг учраас их хүндрэлтэй. Богино хугацаанд залуус маань бүтээлч, санаачилгатай ажиллаж чадсан. Тайзан дээр ороод гарах хугацаанд бүх хүн үүрэг рольтой байдаг. Энэ үүргээ хэр биелүүлж байгааг оролцогчдоосоо хүсэж шаардаж байсан.
-Шүүгч нартайгаа санал зөрөлдөх үе байв уу?
-Байсан. Манай хоёр шүүгч нэг нь цэргийн генерал, нэг нь түүхийн доктор хүмүүс. Тэд түүхээ голчилж, агуулга дээр хэлэх гэсэн санаа, нэр ус, газар орон, он цаг зэрэгт нарийн ач холбогдол өгч байсан. Би жүжигчдийнхээ тоглолт, дүр хувиргалт, харьцаа, амьд тоглолт, хувцас хунар, жижиг хэрэглэлтэйгээ харьцах тал дээр харж суулаа. Үүн дээр ч зөрөлдөх юм гарч байсан. Манай нөгөө хоёр шүүгч агуулгыг нь гаргасан гэж үнэлж байхад миний зүгээс хүсээд байгаа хэмжээнд биш байна гэх маягаар санал зөрөлдөнө шүү дээ.
-Шоу нэвтрүүлэг гарч, олны хүртээл боллоо. Үзэгчдийн зүгээс ямар санал, сэтгэгдэлтэй байх шиг байна вэ?
-Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү дээ. Олон суваг сонирхолтой контентууд хийдэг болжээ.
ТВ8 телевизийн баг хамт олон үндэсний контент болох түүхээрээ шоу нэвтрүүлэг хийж байгаад нь маш их олзуурхаж байна. Залуу хүн бүхэн үзээсэй, түүхээ мэдээсэй гэж хүсэж байна. Үзсэн хүмүүс ч их байна.
1921 онд Тужийн нарсанд ардын журамт цэргийг элсүүлж, ийм ийм хувьсгал өрнөж байсан юм, Барон Унгерн гэж ямар үзэл бодолтой, дотоод зөрчилтэй, мөн чанартай хүн байсан юм, тэр үед нийслэл Хүрээ ямархуу байдалтай байсан юм, гамингууд яаж хөлөөрөө толгой хийж явсан юм, нэр нь тодроогүй эх орончид ямар их байсан юм гээд л мэдлэгээ нэмж байна. Залуучууд энэ бүхнийг мэдэж авч байна. Энэ л том олз юм даа.
-Уран бүтээлийн яриа руу эргэн ороход “Маш нууц III” киноныхоо талаар та цухас сонирхуулаач?
-Т.Төмөр-Очир зохиолч “Олонд бүү хүргэ” хэмээх зохиолоо олон найруулагчид үзүүлсэн юм билээ. Би олж авч, бага зэрэг засвар хийж, 2015 онд кино бүтээл болгосон. 1960 хэдэн оны үед Барилгын цэргийн ангид болсон үйл явдал олон нийт дунд яригдаад байдаг хэр нь батлагдсан зүйлгүй байсан л даа. Гурван жилийнх нь хугацаат алба дуусчихаад ар гэрээдээ яаран догдолсон л улс байж. Гэтэл хугацаат албыг сунгалаа гэсэн журам гарсан. Олон цэрэг дарвиж, доргиж боссон тул Цог генерал очиж буудсан гээд л биднийг цэрэгт байхад шивэр, авир яригддаг байсан. Тухайн үед цэргүүд өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө тэмцсэн нь зөв боловч тэмцсэн үйлдэл нь буруу байсан. Дарагдаж үлдсэн түүх учраас хүү маань “Маш нууц” гэдэг нэртэй болгоё гэсэн л дээ. “Маш нууц” гэдэг нэрээ цаашид төсөл болгоод, түүхэнд нууцлагдсан үнэн түүхийг харуулсан түүхэн кинонуудыг цувралаар хийе гэсэн санаа төрсөн. “Маш нууц” төслийн хоёр дахь кино нь “Байтаг богд” байлаа.
“Маш нууц III” бол харин одоогийн байдлаар маш нууц (инээв).
-Тухайн үед нууцлагдмал, хөндүүр сэдвийг сөхөхөд төр засаг хийгээд ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй болсон нь сайхан юм. Хуучны үед бол ийм чөлөөтэй байгаагүй шүү дээ. Гэхдээ санасанд хүртэл сайхан болохгүй байна. Кино урлаг хөгжих ёстой. Манайд сэтгэлтэй хэдхэн залуусын нуруун дээр л кино урлаг явж байна. Үүний дотор үгүйсгэгчид, монгол киног үзэн ядагчид их байдаг. Үндэсний брэнд болох монгол бүхэн рүүгээ нулимдаг хүмүүс ч их байдаг. Олигтойхон төртэй байсан бол хөрөнгө мөнгө хаяж, кино урлагаа өөд нь татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх байсан. Бидэнд маш баялаг түүх бий. Энэ түүхээр хэчнээн сайхан уран бүтээл хийж болохыг төрийн томчууд харах цаг болжээ.
-Кино хийхэд зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийддэг вэ?
-Ивээн тэтгэлэг хайна, бор зүрхээрээ л явна. Ерөөсөө л юм хийе, бүтээе гэсэн чин халуун сэтгэл дээр л ажил явдаг. Үүний хажуугаар мөнгө олчих гэсэн уран бүтээлчид ч гэсэн байдаг. Тэдний ус ихтэй, сулбагар бүтээлүүд киноны нэр хүндийг унагаж байдаг. Үнэн сэтгэлээсээ юм хийе гэсэн хүмүүсээ л дэмжих хэрэгтэй.
-Таны хүү жүжигчин, найруулагч Б.Тамирын найруулсан, тоглосон олон кино бий. Хүүдээ та юу гэж зөвлөдөг вэ, уран бүтээлчийнх нь хувьд хүүгээ үнэлвэл?
-Манай хүү СУИС-ийг жүжигчин, найруулагчаар мэргэжил эзэмшиж, төгссөн. Миний хажууд бол боловсролтой, шинэ үеийн залуучуудын төлөөлөл. Хийж буй уран бүтээл нь шат шатаар, алхам алхмаар дээшилж байна. Эцэг хүний хувьд хүүгээ барж давахад хэцүү болж байна (инээв). Үнэхээр боловсордог юм байна, чанагддаг юм байна. Энэ нь атгасан гар шиг багцлагдсан хамт олонтой нь холбоотой. Эвсэж байж барыг барьдаг шиг нэгдэж байж олон сайхан бүтээл төрүүлж байна. Онцолж хэлэхэд, Тамир маань хүний нүд хуурсан юм хийхийг хүсдэггүй. Маш чанартай бүтээл төрүүлэхийг эрмэлздэг. Жүжигчдэдээ ч өндөр шаардлага тавьдаг.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTelevisionTv8%2Fvideos%2F750234479191147%2F&show_text=false&width=560
“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг 2021.04.17-ны Бямба гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.
-Сайн бүтээл төрүүлэхийн тулд сайн зохиол хэрэгтэй. Энэ тал дээр та онцолбол ямар ямар зохиолчдыг нэрлэх вэ?
-Зохиол бичдэг хүмүүс байна. Киноны зохиол талдаа Т.Бум-Эрдэнэ, Д.Энхболд, Ц.Түмэнбаяр, Б.Наминчимэд нарын зохиолыг нэрлэмээр санагддаг. Төрийн соёрхолт Д.Норов гуайн бүтээлээс хэд хэдэн кино хийж байлаа. Энэ хүний бүтээлээс ухвал кино болмоор бүтээл маш олон бий шүү.
-Гадаад улс орнууд олон ангит киногоороо хүмүүсийг зурагтынхаа өмнө уяж чадаж байна. Монгол үнэр ханхийсэн өгөөжтэй олон ангит кино хийх юм сан гэж боддог уу?
-Олон ангит кино хийхэд хэцүү л дээ. Нэг ангитай кино хийх гэж толгойгоо гашилгаж байна шүү дээ. Ялангуяа оросууд түүхэн киногоо ямар гайхалтай хийдэг билээ дээ. Түүх рүүгээ өнгийсөн кино хийх санаа дотор бодогдож л байна. 1930-аад оны Зүүнтэн, Баруунтан гэж Коминтерны төлөөлөгч Монголд ирж, төрийг эргүүлж байсан зурвасхан үйл явдал бий. Хар, шар феадол, Чингисийн угсааг устгах бодлогоос болж улс орон маань сүйрэхээ шахсан. Сүүлдээ бослого, тэмцэл өрнөхөд хүрсэн. Энэ сэдвийг бодоод л байгаа. “Ам ихтийг ангайхад буян ихт булаана” гэдэг шиг Монголын түүхийг тал талаас нь мэрээд, өөрийн түүх юм шиг болгон, олон ангит кино хийчихсэн улс орон олон байна. Манайхны л урагшгүйн гай байхгүй юу. “Монгол кино” үйлдвэр 1990 хэдэн оноос боловсон хүчингүй болсон.
Түүхэн кинон дээрээ төр засгаас зоригтой мөнгө хаях хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, уран бүтээлчээ зөв сонгож, дэмжиж чадахгүй байна.
-Кино ертөнцийг хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?
-Төр засаг маань харж үзэх гээд ч байх шиг сураг чимээ гараад л байх юм. Кино урлагийн тухай хууль гарах гээд дуншаад байна. Өөрийнхөө санал бодлыг ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаад хэлж л байсан. Ажлын хэсэгт А.Миеэгомбо, Том Золоо буюу Д.Золбаяр тэргүүтэй кино урлагт чин сэтгэлээсээ сэтгэлтэй хүмүүс харагдаж л байна. Үүний хажуугаар нэг кино хийгээд таг болсон, эсвэл нэг ч кино хийж үзээгүй хүн ч байж л байна. Тэд хэл устай хүмүүс болохоор ч тэр үү. Холливудын киног монгол кинотойгоо харьцуулаад тэмээ, ямаа шиг юм их ярьдаг хүмүүс.
Кино урлагийг хөгжүүлэхэд киноны дэд бүтэц болох нарийн мэргэжлийн боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Дууны оператор, нүүр хувиргагч, киноны зураач, гэрлийн мастер, монтажны мэргэжилтэн, өнгө дүрсний мэргэжилтэн гээд цаана нь ажиллаж байдаг боловсон хүчнийг бэлдмээр байна. Өнөөдрөөс эхлээд бэлдэх хэрэгтэй байна. Киноны техник хоцрогдож байна, бүдүүлэг байна, камер муу байна, гэрэл бүдэг байна гэдэг бол зовлон биш. Энэ бүхэн мөнгө байхад л шийдэх асуудал. Харин дээр дурдсан боловсон хүчнийг бэлдэх л чухал байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Соёл Урлаг
Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

“Яг түүн шиг 2023” шоуны 6-р улирлын анхны дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Шоуны эхний дугаарын ялагчаар жүжигчин, дуучин Jason буюу Б.Баяржавхлан тодорсон юм. Тэрээр дэлхийн од “Adele”-ийг дуурайж, “Someone like you” уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барилаа.
“Яг түүн шиг 2023” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе.
Баярлалаа.
.jpg)
Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?
Анхны дугаар байсан учраас удаан хугацаанд бэлтгэл хийж чадаагүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бэлтгээд амжилттай оролцлоо.
Үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа түрүүлнэ гэж төсөөлсөн үү?
Эхний дугаарт түрүүлнэ гэж огт санаагүй. Гэхдээ найман дугаарын турш нэг удаа ялагч болчих болов уу гэсэн бодол байсан. Өөрийгөө үнэхээр азтай байлаа гэж бодож байна.
Эмэгтэй хүнийг дуурайж ялагч болсон шүү дээ. Эсрэг хүйстний дүрд хувирахад амаргүй байсан байх?
Би анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа. Амаргүй юм билээ. Хумс, сормуус зэргээс эхлээд бэлтгэх зүйл ихтэй. Гэхдээ хэцүү байсан гэхээсээ илүү их сонирхолтой, хөгжилтэй байсан.
Таньд шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу?
Шоуны урилга ирнэ гэж төсөөлөөгүй. Санал тавихад их амархан юм шиг санагдаж байсан ч шоу эхэлснээс хойш үнэхээр амаргүй гэдгийг ойлгосон. Нэгхэн үзүүлбэрийг үзэгчдэд хүргэхийн тулд хэдэн зуун хүн ажиллаж, энэ шоу бүтдэг юм байна.
Өнгөрсөн жилийн оролцогчидтой ярилцахад “Дахин их сургууль төгссөний дайтай маш олон зүйлд суралцлаа” гэж байсан. Энэ шоунд оролцсоноороо олж авч буй чадвараасаа хуваалцвал?
Өөрийгөө дахин “задалж” байгаа юм болов уу гэж бодож байна. Шоу дөнгөж эхэлж байгаа, долоо хоног бүр шинэ зүйлд суралцаад явах байх гэж харж байна.
Таны үндсэн мэргэжил жүжигчин. Энэ мэргэжлийн давуу тал шоунд хэрхэн нөлөөлж байна вэ?
Дүрийн судалгаан дээр давуу талтай байгаа гэж бодож байна. Гэхдээ шоуны найман оролцогч бүгдээрээ маш мундаг байгаа. “Чанга найм” гэж нэрлэмээр. Миний хувьд оролцогчдоосоо юуг суралцаж болох талаар үргэлж эрэлхийлж, маш их зүйлийг сурч байна.
“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн багийнхантай цөөнгүй удаа хамтарч ажиллаж байна. Энэ багийн давуу талыг юу гэж харж байна вэ?
Би олон газар, уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан ч “Боловсрол” телевизийн ялгарах гол онцлог нь зохион байгуулалт сайтай шиг санагддаг. Зохион байгуулалт сайтай болохоор дараа дараагийн ажлууд нь маш тодорхой. Би энэ хамт олонтой хамтарч ажиллах дуртай.
Сүүлд “Амьдралын урт замд” кинонд гол дүрийг бүтээсэн. Таныг энэ кинонд тоглосны дараа үзэгчид өөрөөр харах болсноо сошиал орчинд илэрхийлж, талархлын үгсийг харамгүй илгээж байсан. Таны хувьд үзэгчдээс авсан хамгийн сайхан талархал юу байсан бэ?
Нэг хүн над дээр ирээд “Таныг тэвэрч болох уу?” гэж асуусан. “Яагаад?” гэтэл “Таныг энэ киноноос хараад ах минь дэргэд минь байгаа юм шиг санагдсан. Тэнгэрт байгаа ахыг минь авч ирсэнд баярлалаа” гээд зургийг нь харуулсан. Сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл энэ үйл явдал байна.
Таны хувьд энэ зун фэнүүддээ ямар бэлэг барих вэ. Төлөвлөгөө гарсан байгаа байх?
Хоёр клипний зураг авалт дуусаад удахгүй цацах гэж байна. Цомгоо бичээд дууссан. Цомгийн баяр хийнэ гэж төлөвлөж байсан ч “Яг түүн шиг” шоунд оролцсоноор төлөвлөсөн ажлууд маань жаахан хойшилж байна. Шоуны хажуугаар ямар ч ажил амжуулах боломжгүй завгүй өдрүүд үргэлжилж байна даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Соёл Урлаг
Зөрлөгийн амьдрал маш дотно байдаг

УБТЗ-ын Аршаант өртөөний залуусаас бүрдсэн хамтлагийг төмөр замчид андахгүй болов уу. Хэнээс нь ч асуусан “Хурд” гэж шууд хариулна. Яах аргагүй “Хурд”-ынхан төмөр замчин аав, ээжийн үрс болж, төмөр замчдын дунд, галт тэрэгний дуу сонсож, ган зам дагуу тоглож өссөн. Тиймдээ ч тэд төмөр замчдад элэгтэй. Элэгтэй учраас л цар тахлын энэ үед төмөр замчдадаа урлаг соёлоор үйлчилж, урмаар тэтгэхээр “Ган судас нь амьдрал тэтгэнэ” аялан тоглолтоо энэ сарын 12-нд Сүхбаатар зангилаанаас эхэллээ. “Хурд” хамтлагийн аялан тоглолтын үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, лектор, доктор Ж.Цогтсугар оролцож, төмөр замчдад лекц унших юм байна. Тэрбээр, “Хурд” хамтлаг бол хүний зүрх сэтгэлд урлагаар үр тарьж, эх оронч, үндэсний бахархлыг бий болгож өгдөг. Бид олон жил хамтран ажилласан. Төмөр замын Соёлын ордонд лекцтэй тоглолтыг ч хамт хийж байлаа. Миний хувьд энэ удаад төмөр замчдадаа тархины тухай ярина. Интернэтээс олохгүй мэдлэг, мэдээллийг тоглолтын дундуур хэнийг нь ч уйдаахгүйгээр өгнө. Төмөр зам бол соёлын асар том түүчээ. Төмөр замаар дамжиж соёл, боловсрол, мэдээлэл орж ирдэг. Мэдээллийн зууны иргэдэд мэдээллээр нь дамжуулж мэдлэг олгоно. Хүний оюун тархинд шинэ гэрэл гэгээ ассанаар хөдөлмөрийн бүтээмж өсөж, амжилтад хүрнэ шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү тэднийг 11-ний үдэш галт тэргэнд суух үеэр уулзаж, ярилцсанаа хүргэе.
Д.ГАНБАЯР: ЗӨРЛӨГИЙН АМЬДРАЛ МАШ ДОТНО БАЙДАГ

-Юуны түрүүнд “Ган зам” сонины уншигчдадаа мэнд хүргэе.Энэ аялан тоглолтыг “Хурд” хамтлаг санаачилж, Замын дарга Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар маш сайхан хүлээж авсан.Бид төмөр замчдын хүүхдүүд. Аав, ээж хоёр маань төмөр замд 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Аршаант, Ногоонтолгой зэрэг өртөө, зөрлөгт ажиллаж байсныг ахмадууд маань андахгүй.Бид төмөр замаас угшилтай, хар багаасаа дэргэд нь өссөн, 20, 51 дүгээр сургуулийг төгссөн болохоор төмөр замчдын, өртөө, зөрлөгийн амьдралыг мэднэ.Мөн төмөр замын эмнэлэгт бүгд мэндэлсэн.Тийм ч учраас манай хамтлаг төмөр замаараа овоглож, төмөр замчдаараа бахархдаг.Энэ удаад олон жил хүлээсэн хүсэл маань биелэж буйд баяртай байна.Учир нь, би 10 гаруй жилийн өмнө “Ган зам” сонинд ярилцлага өгөхдөө Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр замын өртөө, зөрлөг бүхнээр тоглолт хийнэ гэж хэлж байсан.Монгол Улсын хөгжлийн 70 жилийг Нуруундаа үүрсэн төмөр замчдынхаа сэтгэлийг бадраая гэж бодсон юм.Энэ хүслээ төмөр замын олон ч даргад хэлж байлаа.Харин энэ цаг үед бидний хүсэлтийг хүлээж авсан Д.Жигжиднямаа даргад төмөр замчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Мөн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Маркетингийн хэлтсийн дарга Ш.Ариунбаяр болон бусад алба хэлтсийн дарга нарт баярлалаа. Дэлхий нийтээр Ковид-19 гээд бүх зүйл хаалтгай байна. Харин УОК сайн ажиллаж буйн үр дүнд цар тахлыг дотооддоо алдаагүй, ард түмэн сэтгэл амар, уужуу байна. Ийм үед бид юу чаддаг түүгээрээ төмөр замчдадаа урлагаар үйлчлэх ёстой, энэ бол бидний үүрэг юм.
-Хэчнээн газар тоглолт хийх вэ?
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх томоохон зангилаадад галт тэргээр очиж тоглоно.Мөн Баянтүмэн тасагт очно. Харин жижиг өртөө, зөрлөгийнхөн тоглолтоо очиж үзнэ.Энэ нөхцөл боломжоор удирдлагууд нь хангаж өгөхөөр бид хамтран ажиллаж байна.Цар тахлын энэ үед төмөр замчид маань амсхийх ч чөлөөгүй ажиллаж байгаа. Галт тэргээр ямар их хүн зорчдог билээ дээ.Нэг хэсэг нь тэдний эрүүл мэндэд анхаарч байхад нөгөө хэсэг нь эрсдэлгүй зорчуулах үүднээс замаа, галт тэргээ засаж машинчид нь айх аюулгүй жолоодож байдаг.
– “Хурд ” хамтлаг анх Зорчигчийн вагон депод байгуулагдсан гэдэг. Та энэ депод ажиллаж байв уу?
-Өнөөгийн гишүүд нь “Хурд” хамтлагийн хоёр дахь үе нь шүү дээ.1986 онд Зорчигчийн вагон депод байгуулагдаж, тухайн үеийн дарга Л.Насанбат гуай Оросуудтай зөвлөлдөж байгаад “Скорость” гэж нэр өгсөн байдаг.Гэвч Монгол хамтлаг тул орчуулаад 1986-1987 оны үед “Хурд” болгосон. Манай хамтлагийн нэр нь хүртэл төмөр замтай холбоотой. Монгол Улсын хөгжлийн хурд бол галт тэрэгний хурдаас шалтгаална.
-Тэгэлгүй яах вэ, төмөр замчид та бүхнээр бахархдаг. Гэр бүлийн хамтлаг олон байгуулагддаг ч төдөлгүй тус тусынхаа мөрийг хөөх нь бий. Харин замчин гэр бүлийн хүүхдүүд өдий олон жил нэгэн цул болж, ард түмэндээ хүндлэгдэж буй нь төмөр замчдын эв нэгдэл ямар вэ гэдгийг илэрхийлж байна гэж ахмад төмөр замчид ярьдаг юм билээ?
-Бидний олон дуунд гардаг даа.Төмөр замын зөрлөгийн амьдрал маш дотно байдаг. Манай амьдрал, зарим шийдвэр хөрш айлаас хамааралтай гэж хэлж болмоор, амь нэг байдаг.
Унтах, сэрэх цаг нь нэг, ажлын газар нь нэг, амьдрах орчин нь нэг учраас яах аргагүй нийтээрээ нэг гэр бүл болдог. Бид тийм эвсэг, нөхөрсөг орчинд, аав ээжийн зөв хүмүүжил дор өссөн болохоор “Хурд” хамтлаг өнөөг хүртэл оршин тогтнож буйн үндэс байж болно.
-Аав Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Ц.Дамба гэж хүн. 1956 онд илгээлтээр ирж замчнаас бригадын дарга, мастер, ахлах мастер хүртэл 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.Аав минь саяхан бурхан болсон.
Ээж минь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн, П.Лхамжав гэж хөгшин бий. Мөн л насаараа төмөр замд ажилласан даа. Ер нь, энэ аялан тоглолт аав, ээжийн минь хүсэл юм шүү. “Та нар энд тэнд яваад л тоглох юм.Төмөр замын өртөө, зөрлөг бүрээр яваад нэг сайхан тоглож өгөөч” гэдэг байсан. Аав, ээжийн болон бидний хүслийг төмөр замын удирдлагууд хүлээж авч буй нь алсыг харсан соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Удирдлагууд нь ч төмөр замчдадаа урлагаар үйлчилж, цэнгүүлж байгаа нь том соёл.
-Төмөр замчдын 70-80 орчим хувь нь залуус. Тэдний дунд авьяаслаг залуус маш олон байдаг. Танай хамтлаг тэдний дунд тэмцээн зохиовол магадгүй урлагийн ирээдүйн том одод төрж болох юм?
-Төмөр замчид маш их авьяастай. Миний ээж ч сайхан дуулна. 1969 онд төмөр замчдынхаа баярын өдөр Үндэсний телевизийн шууд эфирээр дуулсан байдаг. Бидний авьяас ээжээс минь угшилтай болов уу гэж боддог.
Бид очсон газар бүртээ уулзалт, ярилцлага хийнэ.Уулзалтаас сэтгэл нь сэргэж, өөртөө зорилго тавьж, биднээс үлгэр дуурайл авах хүн олон гарах байх.
Ер нь, “Авьяаслаг Монголчууд”, “My voice” гэх мэт олон контент байна. Яагаад “Авьяаслаг ган замчид” гэж контент байж болохгүй гэж. Тиймээс “Хурд” хамтлагийн нэрэмжит тэмцээнийг зөвхөн төмөр замчдынхаа дунд зохиовол болно. Энэ аяллаа дуусгаж ирээд энэ талаар хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоё гэж бодож байгаа.
-“Хурд”хамтлагаас гадна залуууран бүтээлчид явж байна уу даа?
-“The voice of Mongolia” шоуны манай Отгонбаярын залуусаас явж байгаа. Мөн телевизийн баг яваа. Бид зүгээр нэг тоглоод өнгөрөхгүй тоглолтын турш бичлэг хийлгэж, төмөр замчидтай ярилцан нэвтрүүлэг хийнэ. Нийт 30 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг явж байна даа.
Д.ОТГОНБАЯР: ВОКЗАЛААР АЛХАЖ ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭДЭГ

Юуны түрүүнд та бүхэнд төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Таны хувьд урлагийн тэмцээний олон контентийг шүүж, заримыг нь зохион байгуулдаг. Төмөр замчдын дунд сайхан тэмцээн зохион байгуулж болох санааг Д.Ганбаяр ах хэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Төмөр замын залуус авьяастай, үүний илрэл нь манай хамтлагийнхан гэж хэлж болно. Олонд танигдаагүй яваа зуу зуун авьяаслаг залуус төмөр замчдын дунд бий. Нөгөө талаар төмөр замчдын хүүхдүүд бие даах, амьдрах, орчинтойгоо зохицох чадварыг эрт олдог. Аав, ээж нь өглөө гараад орой ирдэг хүүхдүүд юу эсийг хийх билээ. Орчин цагийн хүүхдүүд цахим ертөнцөөс мэдээлэл үздэг байх. Гэхдээ л өртөө, зөрлөгийн хүүхдүүд хамтач байдал нь арай өөр шүү. Тиймээс өртөө, зөрлөгөөр нь ч юм уу хооронд нь урлагаар өрсөлдүүлэх тэмцээн зохион байгуулж болно. Үүнийг Замын захиргаатай маш сайн ярилцаж байгаад ажил хэрэг болгоё гэж бодож байна. Сүүлийн үед залуус спортоор их хичээллээд дуу хөгжмөөсөө хоцроод байх шиг. Энэ хоёрыг тэнцвэртэй явуулах хэрэгтэй. Тиймээс төмөр замын “Хурд” хамтлаг үүнийг хариуцан явуулах бүрэн боломжтой. Юун төлөө Соёлын ордонтой билээ дээ.
Төмөр замчдыг зөвхөн ажил хийлгэхээс гадна урам зориг оруулах, сэтгэлийг нь сэргээх, ажилд нь улам дуртай болгох хэрэгтэй. Миний хувьд ч дуу, хөгжим зохиож байснаа гэнэт зогсвол төмөр замынхаа вокзалаар ирж алхан, тархиа сэргээдэг.
Төмөр замчин залуусаа ажлаа дуртай, улам хайртай болгоход урлаг маш чухал үүрэг гүйцэтгэнэ.Хүн ямар нэгэн юм дутагдахаараа л ажлаасаа уйддаг, гардаг, цалгардуулдаг юм шүү дээ.Тиймээс соёлын хөтөлбөрийг тогтмол хийж байвал маш сайн.
Соёл Урлаг
Н.Батцэцэг мэнгэндээ дургүй

“Жинжиймаа”, “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудаар үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин бол Н.Батцэцэг. Түүнийг залуу байхад төдийгүй одоо ч нүд унагах эр олон. Тэгвэл эрхэм жүжигчин бага байхдаа өөрийнхөө хацар дээрх мэнгэндээ их дургүй хүүхэд байсан гэдэг. Энэ талаараа саяхан “Хүүхэд байхдаа бүх хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байхад би л нүднийхээ дор мэнгэтэй байсан. Тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон. Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ” хэмээн дурсан ярьжээ.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?