Соёл Урлаг
Харанга Н.Пүрэвдаш: Энэ хугацаанд бидний дунд олон л хор гүйж байсан

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаштай ярилцлаа. “Харанга” хамтлаг ирэх сарын 13, 14-нд “Legendary Haranga: Greatest Hits” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ.
-“Харанга” хамтлаг гурван жилийн өмнө 30 жилийн ойн тоглолтоо хийсэн. Энэ жил 33 настайгаа золголоо. Хүнээр бодвол ид хийж бүтээх залуу нас даа?
-Бид 2019 онд ойн тоглолтоо хийсэн. Он гараад дахиад тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас шалтгаалаад тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Одоо л өвчин гайгүй болж, соёл урлагийн салбар маань сэргэх нь. Энэ цаг үед “Харанга”-ын үнэнч фэнүүд, дууг маань сонсох дуртай сонсогчдын дунд нэлээд хүлээлт байх шиг байна. Тиймээс ирэх сард хит дуунуудаасаа бүрдсэн тоглолт хийхээр төлөвлөөд ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад дуусч байна.
-Танай хамтлагийн дуунууд бүгдээрээ өөрсдийн чинь ур ухаан, авьяас билгээр бүтсэн гэдгээрээ илүү онцлог, даацтай байдаг. Ер нь өөр уран бүтээлчийн бүтээлээс дуулсан тохиолдол хэр олон байдаг юм бэ?
-Ихэнх уран бүтээл маань манай хамтлагийнхны өөрсдийнх нь бүтээл байдаг. Өөр хүмүүсийн уран бүтээл гэвэл цөөхөн байх шүү. Энэ удаагийн тоглолт ч зөвхөн манай хамтлагийн зохиосон 25 дуунаас бүтсэн гэдгээрээ онцлог. Яг бүртгээд үзэхээр энэ хугацаанд бид их олон уран бүтээл хийжээ. Манай хамтлаг шиг зөвхөн өөрсдөө дуугаа бүтээдэг, баялаг урын сантай хамтлаг бараг л байдаггүй юм байна. Түүнээсээ шүүж, яг хит болсон 25 дуугаа л сонгоно гэдэг бас л шаггүй ажил байлаа.
-Энэ хугацаанд хэдэн удаа тоглолт хийсэн байдаг бол. Хэрэв албан ёсоор статистик тоо мэдээлэл байдаг бол Монголын хөгжмийн түүхэнд бас нэг рекорд тогтоохоор болсон байх даа?
-Тоглолтын тухайд тоймгүй олон болсон. Энэ удаагийн тоглолтыг яг тэд дэх тоглолт гэж хэлж чадахгүй нь. Учир нь заримыг нь бүр мартсан байна. Манай хамтлагийн тоглолтыг биднээс илүү сонсогчид маань сайн санадаг юм. Тэд маань их сайхан түүх ярина. Тэдэн онд тэр тоглолтын үеэр тэгж билээ гээд л. Даан ч заримыг нь бид бүр санахгүй. Манай энэ удаагийн тоглолтод хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн зээ хүү Мөнх-Эрдэнэ гээд залуу оролцоно. Манай талийгч Х.Булганы тоглож байсан бүх паартыг тоглоно.
-Тантай ярилцах гээд бэлтгэлийн байранд ирэхэд танил хөгжмүүд эгшиглээд нэг л дотно мэдрэмж төрлөө. Гурван жилийн дараа эргээд бэлтгэлдээ ороход ямар мэдрэмж төрөв. Магадгүй “Харанга”-ын хувьд ийм урт хугацаагаар уран бүтээлээсээ хөндийрч үзээгүй байх?
-Гурван жил гэдэг уран бүтээлч бидний хувьд үнэхээр урт хугацаа байлаа. Ялангуяа байнгын бэлтгэлтэй байж, цагийн хуваарийн дагуу ажилладаг “Харанга”-ын хувьд. Бид өдөр бүр 16:00 цагаас эхлээд 21:00 цаг хүртэл бэлтгэл хийж байна. Мэдээж гурван жил хөгжмөө бараг бариагүй учир гар хөл хөшүүн болсон байна. Бэлтгэлийн эхний гурван өдөр хөдлөхөд л хөлс цутгаад хэцүүхэн байлаа. Хэд хоногийн дараагаас олон жил уралдсан морь гэдэг шиг жигдэрч эхлэх байх даа.
-Тасралтгүй 30 гаруй жил уран бүтээл хийгээд, энэ насан дээрээ залуусыг давж, тоглоно гэдэг “Харанга”-ын чансааг л илэрхийлж байна. Үнэхээр та бүхнээс эрч хүч мэдрэгдэж байна шүү?
-Бид дөнгөж 17, 18 настайгаасаа бие биетэйгээ нөхөрлөж эхэлсэн. Энэ хугацаанд эр хүмүүс учир муудаж эвлэрэх, гомдож туних, бахархаж омогших үетэй олон нүүр тулж явлаа. Хааяа гар зөрүүлчихнэ, хэн нэгэнд нь сайхан учрал тохиовол хамтдаа баярлана гээд амьдралын бүхий л жаргал зовлон, нугачаанд бид бие биенээ орхилгүй түшсээр ирсэн. Одоо бол нэгнийхээ аашийг андахаа байсан. Сүүлийн үед харцаараа зодолддог болсон. Муухай үг хэлж, ам мурийхгүй. Хэн нь юу хэлэх гээд байгааг харцнаас нь л ойлгочихдог. Олон жилийн нөхөрлөл ингэж л хүмүүсийг бие биед нь уусгадаг юм байна.
-Таныг цэргийн удамтай гэх юм билээ?
-Хамтлаг байгуулахаас өмнө бид өөр, өөр хамтлагт уран бүтээл хийдэг байсан. Миний хувьд анхнаасаа л цэргийн хүн байлаа. Армид 23 жил болсон цэргийн бөмбөрчин. Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд тоглодог байсан. Одоогоор Төрийн их найрал хөгжим гэж тайлбарлаж болох юм. Төрийн хүндэтгэлийн концерт, төрийн айлчлал зэрэг томоохон үйл ажиллагаанд үргэлж оролцдог байлаа.
-Таныг их бага наснаасаа бөмбөртэй нөхөрлөсөн гэж сонссон. Хөгжмийн олон урсгал байхад яагаад бөмбөрийг онцлох болов?
-Би 12 настайгаасаа өнөөдрийг хүртэл ширэн бөмбөртэй нөхөрлөж, амьдрал хийж явна. Эргээд бодоход яг 52 жилийг энэ хөгжимдөө зориулсан байна. Намайг бага байх үед сурагчдыг таван жилийн гэрээтэй хөгжмийн дунд сургуульд авдаг байлаа. Манай ээжийн дүүгийнх нь нөхөр мундаг удирдаач хүн байсан юм. Тэр ах маань намайг гэнэт л хөгжимчин болгоё гээд дунд сургуульд оруулчихсан юм. Юугаа ч мэдэхгүй жаахан хүү үеийнхэнтэйгээ хамт үсээ хусуулаад цэргийн хүн болчихсон. Аав ээждээ эрхлээд тоглоод гүйж байсан хүүхэд гэнэт гэрээсээ холдоод цэргийн амьдралаар амьдрах болоход шантрах үе зөндөө л байлаа. Өглөөний жагсаал дээрээ бараг зогсоогоороо унтана, сайхан унтаж байхад босоод, гүйгээд гээд бүгд л командын дагуу. Магадгүй багаасаа ингэж цэргийн амьдралын хатууг мэдэрсэн маань амьдрал дээр гараад ямар ч үед шантрахгүй, ядрахгүй, сэтгэлийн хаттай байх төлөвшлийг надад өгсөн юм болов уу гэж боддог. Тухайн үед цэргийн дунд сургууль төгссөн хүүхдүүдээс Төрийн их найрал хөгжмийн хангалтыг хийдэг байлаа. Миний хувьд дөнгөж 18 настайдаа тэр их том айлын нэг эд эс болж, бөмбөрчнөөр орсон түүхтэй.
-Дөнгөж 18 настай залуухан боловсон хүчний хувьд тэр том босгыг давахад айх, сүрдэх үе гарч байв уу?
-Миний хувьд албан ёсоор орохоосоо өмнө л хөгжимчиддөө танигдчихсан байсан үе. Учир нь багш нар маань ямарваа тоглолтод оролцох бүрт л хүмүүст танилцуулж “Энэ мундаг бөмбөрчин гарч байгаа шүү” гээд захина. Тиймээс тухайн хамт олон дунд ороход намайг бага балчир гээд гадуурхах, би ажлаа хийж чадахгүй айж сүрдэх асуудал гарч байсангүй. Харин ч хэзээний танил, олон жил хамт ажилласан хүмүүстэйгээ хамт байгаа юм шиг халуун дотно сайхан мэдрэмж төрдөг байсан. Хоёр жилийн дараа 20 насандаа гоцлол хөгжимчин болж, нэмэгдэл цалин авч байлаа шүү дээ. Энэ хамт олноос би олон зүйлийг сурсан. Бөмбөрчин хүн эхлээд хөгжмөө сайн мэддэг, техникийн хувьд үргэлж бэлэн, ямар ч асуудалгүй байлгах учиртай. Дараагаар нь тухайн уран бүтээлч өөрийнхөө сэтгэлзүй, биеийг дээд түвшинд бэлдсэн байх үүрэгтэй. Тоглолтын үед ядарч цуцах эрхгүй. Машинаар төсөөлвөл доголдсон мотортой явж болохгүй шүү дээ. Үүнтэй л адил. Бидний мэргэжилд халтуурдах гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хамтлагт тоглоно, тоглолт хийнэ гэдгийг асар их хариуцлага гэж би боддог.
-Таны цэрэг байх үед арми сурталчилна гээд орон нутгаар их явдаг байсан байх шүү?
-Явалгүй яахав. Манай Үлгэр жишээ чинь хэдэн ЗИЛ-130 машинтай. Тэднийхээ тэвшин дээр ачигдаад мөн ч олон газраар явсан даа. Суманд очихоороо машиныхаа тэвшийг тайз болгоод засчихна. 1976 оноос эхлээд гэж бодоход хэдэн удаа эх орноо тойрсноо санахгүй байна. Хамгийн сүүлд 1989 онд Хойд Солонгосын Ким Ри Син ирэхэд төмөр замын вокзал дээр хүндэт харуул зогсож хүлээж авахад нь оролцоод би халагдаж байлаа.
-1989 он гэдэг чинь “Харанга” хамтлагийн эхлэл юм даа. Энэ үеэс та бүхэн нэгдэж, хамтлагийнхаа анхны цэгийг хатгаж байв уу?
-Оогий Манлай хоёр “Ногоон гэрэл” гээд хамтлагт цуг байсан юм. Чука бид хоёрын хувьд бага тойруугийн хүүхдүүд. Том ах нь миний том ахтай найз. Чука миний дээд талын ахтай найз байсан гэж ярьдаг юм. Хааяа хошигноод намайг “Энэ нусан таглаа хаана байсныг би мэдэхгүй юм” гэнэ. Тэгэхээр нь хариуд нь би “Тэр үед чинь би чамайг бодвол цэргийн хүн болчихсон, хал үзэж халуун чулуу долоож явлаа” гэж хариу барьж инээлддэг юм. Ингээд би 1976, 1977 онд Чука, 1978 онд Манлай, 1981 онд Оогий Үлгэр жишээд орсноор бидний нөхөрлөл улам бат бөх болж, хамтлагийн тухай яриа гарах болсон юм. Гэхдээ бид “Харанга”-аас өмнө “Соёмбо нөхөрлөл” хамтлагт тоглодог байсан.
-Тэгэхээр “Харанга”-ын суурь нь “Соёмбо нөхөрлөл” хамтлагаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?
-Тухайн үед Оогий Манлай хоёр “Ногоон гэрэл”-д, Чука “Залуус”-т, би Үлгэр жишээд байсан үе л дээ. Харин бүгд нэгэн дор цуглаж, нэг тогооноос хоол иддэг болж, хүсэл мөрөөдлөө нэгтгэсэн газар маань Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юм даа. Гэхдээ шууд л хамтлаг байгуулаагүй. Их удаан ярьсан. Харин 1986 оноос Я.Одсүрэн маань биднийг шавдуулж эхэлсэн. Миний хувьд эхэндээ халгаагаагүй юм. Хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах байсан учир энэ байгууллагадаа эвтэйхэн байж байя гэсэн л бодолтой байлаа.
-Я.Одсүрэн ахын хувьд таны сэтгэлийг яаж урвуулчихав?
-Нэг удаа бид нэлээд ууж суулаа. Гэтэл Оогий надад хандаж “Чи удахгүй тэтгэвэрт гарлаа. Нэг мэдэхэд л өвөө болно. Үр ачаас чинь танай өвөө юу хийдэг ямар хүн байсан бэ гэж асуухад бөмбөрчин байсан л гэж хэлнэ шүү дээ. Хэдүүлээ нэгдээд найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл таньдаг хамтлаг байгуулъя” гэж байна шүү. Тухайн үед ч шийдтэй хариу хэлээгүй юм. Нэг хамаатны цэргийн ах тэр үед тэтгэвэрт гараад зургаан сар болж байсан юм. Нөгөө ахаасаа л асуулаа. Гэтэл “Би цэрэгт байхдаа ямар нэр хүндтэй байлаа. Тэтгэвэртээ суугаад л хэнд ч хэрэггүй болдог юм байна. Чи над шиг болохыг хүсэхгүй бол эртхэн боломж байгаа дээр хамтлаг байгуулаад явсан нь зөв шүү” гэсэн. Энэ үг л надад ташуур болсон санагддаг юм. Чукад ч хэлээгүй шууд л халагдах хүсэлтээ өгчихсөн. Чука ч намайг халагдчихна гэж төсөөлөөгүй байх.
-Тухайн үед “Соёмбо нөхөрлөл” хамтлаг мандаж явсан үе. Таны хувьд их л зоригтой шийдвэр гаргаж дээ?
-“Соёмбо нөхөрлөл”-ийн хувьд анхны тоглолтоо хийгээд жинхэнэ гялалзаж явсан үе л дээ. Манлай маань цирк эстрадад Г.Оюунбилэгтэй “Инээгээрэй хүмүүсээ” гээд цөм авч байсан юм. Миний хувьд нэг л шийдвэр гаргасан бол түүндээ тууштай байж, арын ажлаа хурдхан зохицуулахыг хүсдэг хүн. Тиймээс нэгдүгээр сард шийдвэр гаргаад дөрөвдүгээр сар гэхэд цэрэг армитай ямар ч холбоогүй болчихсон байлаа. Тэгээд л “Харанга”-д хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан.
-Я.Одсүрэн ахын хувьд эхлээд таныг ятгачихсан юм байна. Та хоёрын хувьд бусад гишүүдээ хэрхэн урвуулж байв?
-Нэгэнт л бүгд хамтлаг байгуулах тухай ярьж байсан учир нэг нэгээрээ хамтлагт нэгдэж эхэлсэн. Оогий Манлай бид гурав драмын театрт суугаад дуучин шалгаруулаад л. Драмын театр бидэнд байгаа мөнгөөрөө хөгжим хэрэгсэл аваад өгчихсөн. Бид бригад гаргаж, театрын төлөвлөгөөг биелүүлэх үүрэгтэй. Шууд таван аймгаар тоглолт хийнэ гээд гараад жирийчихсэн. Үнэндээ ямар ч өөрсдийн гэсэн дууны урын сан байхгүй. Хүмүүсийн хэдэн дууг л эвлүүлээд дуулчихдаг ажилтай л байлаа.
-Рок хамтлаг гэхээр сонсогчид хэр хүлээж авдаг байсан бэ?
-Орон нутгийн үзэгчид их гайхаж хүлээж авна. Аргагүй биз дээ. Савхи, түрийтэй гутал өмсөөд үсээ задгай тавьчихсан хэдэн нөхөр гитар нүдээд байхаар. Талийгаач Х.Булган маань тухайн үед гэнэт аавын бие муудлаа гээд Ховдоос биднийг орхиод хот руу яваад эргэж ирээгүй. Тухайн үед манайд дуучнаар явж байсан н.Найданжав маань сүүлдээ дуулж чадахаа байгаад Манлай ганцаараа дуулсан гээд хамтлаг анх байгуулагдаж байхад хүндхэн асуудалтай олон удаа тулгарч байлаа. Өнөөх төлөвлөгөөгөө хагас дутуу биелүүлсэн. Хотод ирээд гэрт өнгөтэй өөдтэй юу л байна түүнийгээ барьцаанд тавиад театрын орлогын төлөвлөгөөг биелүүлж байсан гашуун түүх ч бидэнд бий.
-Таны хувьд тогтсон амьдрал, тогтмол цалинтай байсан хүн. Тухайн үед харамсах сэтгэл төрж байв уу?
-Эхэндээ ч сэтгэлээр унасан шүү. Би юу л хийчихэв дээ гэж бодогддог юм билээ. Би чинь Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд нэлээд өндөр цалин авдаг байсан юм. Гэтэл мөнгө олох битгий хэл өрөнд орсон. Гэхдээ гурвуулаа бууж өгөөгүй. Харин ч шинэ хөгжимчин авъя гэж ярилцаад Чукад санал тавьсан юм. Гэтэл Оогий “Би басс гитар тоглох мөрөөдөлтэй. Чука чинь ирээд басс гитар тоглоно гээд булаацалдана шүү дээ” гээд халгаадаггүй. Манлай бид хоёр их удаан ятгаж байж зөвшөөрүүлсэн юм. Манай Чука их дайчин, эрч хүчтэй, хөдөлмөрч зантай л даа. Яг л тийм уран бүтээлч бидэнд дутагдаад байсан юм. Арай гэж Я.Одсүрэнгээ ятгаад би Чукад санал тавьтал дуртай зөвшөөрсөн.
-“Харанга”-ын эхэн үеийн дуунууд ихэнх нь Ц.Чулуунбатынх байдаг. Чука ахаар бүл нэмснээр хамтлаг уран бүтээлийн хувьд өөр түвшинд хүрсэн нь лавтай?
-Хамтлаг маань драмын театрын хоёр давхарт байрлаж бэлтгэл хийдэг байсан юм. Чука дөнгөж орж ирээд л “Та нарт ямар ямар дуу байна” гэж асууж байна шүү. Бид гурав ч өөдөөс нь “ямар ч дуу байхгүй” л гэж хариулсан. Манай хүн ч угийн эрч хүчтэй болохоор “Тэгвэл хэдүүлээ өөрийн дуутай болж, шинэ бүтээл хийнэ” гэж байна шүү. Эхлээд өөрөө дуулах гэж үзсэнээ “Ер нь бүтэхгүй юм байна. Би нэг дуучин залуу олоод ирье. Та нар шалгана шүү” гээд гараад явчихсан. Тэгээд л Лхагвааг дагуулаад ороод ирсэн юм. Бид ч эхэндээ “Энэ сахилгагүй хогийг юу гэж авдаг юм” гээд эсэргүүцсэн. “Шүүдэр цэцэг”-ийг дуулуулсан чинь ер нь болж байна шүү. Ингээд л “Харанга” хамтлаг Драмын театрын хоёр давхарт тэр нэг өдөр өнөөдрийн бүрэн бүрэлдэхүүнээрээ анх уулзсан түүхтэй. Бид сарын дотор л 10 гаруй дуутай болж, анхны тоглолтоо хийсэн нь жинхэнэ шуугиан болж байлаа. Үүнээс их урам авч, түүнээс хойш зогсолтгүй 33 жил “Харанга”-аар амьсгалж, овоглож амьдарсан байна. 1989 онд анхны тоглолт хийхийн тулд Соёлын яамны шалгалтаар ордог байлаа. Комисс нь биднийг рок хамтлаг гээд нээх ойшоохгүй байхад Э.Оюун гуай их дэмжиж, “Энэ залуус ямар мундаг юм бэ. Амьдрал дуу нь үнэхээр сайхан үгтэй юм” гэснээр тоглолт хийх эрх авч байлаа.
-Та бүхний Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг Монголын төр үнэлж, хамтлагт Төрийн соёрхол хүртээсэн. Энэ зарлигийг сонсоод омогших сэтгэл мэдээж төрсөн байх?
-Зарлиг сонсоод мэдээж хамтлагаараа бахархах сэтгэл төрж байсан. Гэхдээ бид хэзээ ч Төрийн соёрхол, бүгдээрээ гавьяат болъё гэж уран бүтээл хийж байсангүй. Залуу нас, эрч хүч, авьяас билэг, хүсэл мөрөөдлөөрөө л нэгдсэн. Биднийг энэ өндөрлөгт хүргэсэн хүч нь үе үеийн сонсогчид юм шүү. Сонсогчид байхгүй бол бид хэн ч биш.
-Уран бүтээлээс илүү эрчүүдийн эрхэм нөхөрлөл өнөөдрийн “Харанга”-ыг бүтээж дээ гэж бодож суулаа?
-Өнөөг хүртэл 33 жил “Харанга” оршин тогтносон нь бидний нөхөрлөл хэр бат бөхийн илэрхийлэл юм даа. Энэ хугацаанд бидний дунд олон л хор гүйж байсан. Тэр бүхнийг тухайн үедээ зөв шийддэг байсан нь оносон юм болов уу. Эрчүүд учир маргалдах зүйл олон гарна. Гэхдээ нэг ч удаа бие биедээ хар буруу санаж үзсэнгүй. Нэгнийхээ сэтгэлийг сэвтээж явсангүй. Ялангуяа бид цэргийн амьдралаар төлөвшсөн учир амьдралын ямар ч нугачаанд барьц алдаж бөхийж байгаагүй.
-Таны хувьд хамтлагаасаа олж авсан хамгийн эрхэм үнэт зүйл гэвэл юуг онцлох вэ?
-Миний амьдралаас авсан хамгийн том үнэт зүйл бол “Харанга”. Харин амьдралын минь хамгийн гол утга учир нь гэр бүл. “Харанга” хамтлагийнхны хувьд худлаа ярьж хулгай хийгээгүй, банк тонож, газар ухаагүй, хэнд маань ч алтны уурхай байхгүй. Гитараа барьж, бөмбөрөө үүрээд өөрсдийн хүчээр өдий зэрэгтэй болжээ. Өнөөдрийн Н.Пүрэвдашийн хувьд хамтлагтаа бөмбөрөө цохиод, гэртээ ирэхээрээ үр ачаа тойруулаад өвөөгийн үүргээ биелүүлэх нь аз жаргал, сэтгэлийн амар амгалан юм даа.
“Зууны мэдээ” сонин
Ч.Гантулга
Соёл Урлаг
Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

“Яг түүн шиг 2023” шоуны 6-р улирлын анхны дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Шоуны эхний дугаарын ялагчаар жүжигчин, дуучин Jason буюу Б.Баяржавхлан тодорсон юм. Тэрээр дэлхийн од “Adele”-ийг дуурайж, “Someone like you” уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барилаа.
“Яг түүн шиг 2023” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе.
Баярлалаа.
.jpg)
Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?
Анхны дугаар байсан учраас удаан хугацаанд бэлтгэл хийж чадаагүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бэлтгээд амжилттай оролцлоо.
Үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа түрүүлнэ гэж төсөөлсөн үү?
Эхний дугаарт түрүүлнэ гэж огт санаагүй. Гэхдээ найман дугаарын турш нэг удаа ялагч болчих болов уу гэсэн бодол байсан. Өөрийгөө үнэхээр азтай байлаа гэж бодож байна.
Эмэгтэй хүнийг дуурайж ялагч болсон шүү дээ. Эсрэг хүйстний дүрд хувирахад амаргүй байсан байх?
Би анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа. Амаргүй юм билээ. Хумс, сормуус зэргээс эхлээд бэлтгэх зүйл ихтэй. Гэхдээ хэцүү байсан гэхээсээ илүү их сонирхолтой, хөгжилтэй байсан.
Таньд шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу?
Шоуны урилга ирнэ гэж төсөөлөөгүй. Санал тавихад их амархан юм шиг санагдаж байсан ч шоу эхэлснээс хойш үнэхээр амаргүй гэдгийг ойлгосон. Нэгхэн үзүүлбэрийг үзэгчдэд хүргэхийн тулд хэдэн зуун хүн ажиллаж, энэ шоу бүтдэг юм байна.
Өнгөрсөн жилийн оролцогчидтой ярилцахад “Дахин их сургууль төгссөний дайтай маш олон зүйлд суралцлаа” гэж байсан. Энэ шоунд оролцсоноороо олж авч буй чадвараасаа хуваалцвал?
Өөрийгөө дахин “задалж” байгаа юм болов уу гэж бодож байна. Шоу дөнгөж эхэлж байгаа, долоо хоног бүр шинэ зүйлд суралцаад явах байх гэж харж байна.
Таны үндсэн мэргэжил жүжигчин. Энэ мэргэжлийн давуу тал шоунд хэрхэн нөлөөлж байна вэ?
Дүрийн судалгаан дээр давуу талтай байгаа гэж бодож байна. Гэхдээ шоуны найман оролцогч бүгдээрээ маш мундаг байгаа. “Чанга найм” гэж нэрлэмээр. Миний хувьд оролцогчдоосоо юуг суралцаж болох талаар үргэлж эрэлхийлж, маш их зүйлийг сурч байна.
“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн багийнхантай цөөнгүй удаа хамтарч ажиллаж байна. Энэ багийн давуу талыг юу гэж харж байна вэ?
Би олон газар, уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан ч “Боловсрол” телевизийн ялгарах гол онцлог нь зохион байгуулалт сайтай шиг санагддаг. Зохион байгуулалт сайтай болохоор дараа дараагийн ажлууд нь маш тодорхой. Би энэ хамт олонтой хамтарч ажиллах дуртай.
Сүүлд “Амьдралын урт замд” кинонд гол дүрийг бүтээсэн. Таныг энэ кинонд тоглосны дараа үзэгчид өөрөөр харах болсноо сошиал орчинд илэрхийлж, талархлын үгсийг харамгүй илгээж байсан. Таны хувьд үзэгчдээс авсан хамгийн сайхан талархал юу байсан бэ?
Нэг хүн над дээр ирээд “Таныг тэвэрч болох уу?” гэж асуусан. “Яагаад?” гэтэл “Таныг энэ киноноос хараад ах минь дэргэд минь байгаа юм шиг санагдсан. Тэнгэрт байгаа ахыг минь авч ирсэнд баярлалаа” гээд зургийг нь харуулсан. Сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл энэ үйл явдал байна.
Таны хувьд энэ зун фэнүүддээ ямар бэлэг барих вэ. Төлөвлөгөө гарсан байгаа байх?
Хоёр клипний зураг авалт дуусаад удахгүй цацах гэж байна. Цомгоо бичээд дууссан. Цомгийн баяр хийнэ гэж төлөвлөж байсан ч “Яг түүн шиг” шоунд оролцсоноор төлөвлөсөн ажлууд маань жаахан хойшилж байна. Шоуны хажуугаар ямар ч ажил амжуулах боломжгүй завгүй өдрүүд үргэлжилж байна даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Соёл Урлаг
Зөрлөгийн амьдрал маш дотно байдаг

УБТЗ-ын Аршаант өртөөний залуусаас бүрдсэн хамтлагийг төмөр замчид андахгүй болов уу. Хэнээс нь ч асуусан “Хурд” гэж шууд хариулна. Яах аргагүй “Хурд”-ынхан төмөр замчин аав, ээжийн үрс болж, төмөр замчдын дунд, галт тэрэгний дуу сонсож, ган зам дагуу тоглож өссөн. Тиймдээ ч тэд төмөр замчдад элэгтэй. Элэгтэй учраас л цар тахлын энэ үед төмөр замчдадаа урлаг соёлоор үйлчилж, урмаар тэтгэхээр “Ган судас нь амьдрал тэтгэнэ” аялан тоглолтоо энэ сарын 12-нд Сүхбаатар зангилаанаас эхэллээ. “Хурд” хамтлагийн аялан тоглолтын үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, лектор, доктор Ж.Цогтсугар оролцож, төмөр замчдад лекц унших юм байна. Тэрбээр, “Хурд” хамтлаг бол хүний зүрх сэтгэлд урлагаар үр тарьж, эх оронч, үндэсний бахархлыг бий болгож өгдөг. Бид олон жил хамтран ажилласан. Төмөр замын Соёлын ордонд лекцтэй тоглолтыг ч хамт хийж байлаа. Миний хувьд энэ удаад төмөр замчдадаа тархины тухай ярина. Интернэтээс олохгүй мэдлэг, мэдээллийг тоглолтын дундуур хэнийг нь ч уйдаахгүйгээр өгнө. Төмөр зам бол соёлын асар том түүчээ. Төмөр замаар дамжиж соёл, боловсрол, мэдээлэл орж ирдэг. Мэдээллийн зууны иргэдэд мэдээллээр нь дамжуулж мэдлэг олгоно. Хүний оюун тархинд шинэ гэрэл гэгээ ассанаар хөдөлмөрийн бүтээмж өсөж, амжилтад хүрнэ шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү тэднийг 11-ний үдэш галт тэргэнд суух үеэр уулзаж, ярилцсанаа хүргэе.
Д.ГАНБАЯР: ЗӨРЛӨГИЙН АМЬДРАЛ МАШ ДОТНО БАЙДАГ

-Юуны түрүүнд “Ган зам” сонины уншигчдадаа мэнд хүргэе.Энэ аялан тоглолтыг “Хурд” хамтлаг санаачилж, Замын дарга Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар маш сайхан хүлээж авсан.Бид төмөр замчдын хүүхдүүд. Аав, ээж хоёр маань төмөр замд 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Аршаант, Ногоонтолгой зэрэг өртөө, зөрлөгт ажиллаж байсныг ахмадууд маань андахгүй.Бид төмөр замаас угшилтай, хар багаасаа дэргэд нь өссөн, 20, 51 дүгээр сургуулийг төгссөн болохоор төмөр замчдын, өртөө, зөрлөгийн амьдралыг мэднэ.Мөн төмөр замын эмнэлэгт бүгд мэндэлсэн.Тийм ч учраас манай хамтлаг төмөр замаараа овоглож, төмөр замчдаараа бахархдаг.Энэ удаад олон жил хүлээсэн хүсэл маань биелэж буйд баяртай байна.Учир нь, би 10 гаруй жилийн өмнө “Ган зам” сонинд ярилцлага өгөхдөө Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр замын өртөө, зөрлөг бүхнээр тоглолт хийнэ гэж хэлж байсан.Монгол Улсын хөгжлийн 70 жилийг Нуруундаа үүрсэн төмөр замчдынхаа сэтгэлийг бадраая гэж бодсон юм.Энэ хүслээ төмөр замын олон ч даргад хэлж байлаа.Харин энэ цаг үед бидний хүсэлтийг хүлээж авсан Д.Жигжиднямаа даргад төмөр замчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Мөн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Маркетингийн хэлтсийн дарга Ш.Ариунбаяр болон бусад алба хэлтсийн дарга нарт баярлалаа. Дэлхий нийтээр Ковид-19 гээд бүх зүйл хаалтгай байна. Харин УОК сайн ажиллаж буйн үр дүнд цар тахлыг дотооддоо алдаагүй, ард түмэн сэтгэл амар, уужуу байна. Ийм үед бид юу чаддаг түүгээрээ төмөр замчдадаа урлагаар үйлчлэх ёстой, энэ бол бидний үүрэг юм.
-Хэчнээн газар тоглолт хийх вэ?
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх томоохон зангилаадад галт тэргээр очиж тоглоно.Мөн Баянтүмэн тасагт очно. Харин жижиг өртөө, зөрлөгийнхөн тоглолтоо очиж үзнэ.Энэ нөхцөл боломжоор удирдлагууд нь хангаж өгөхөөр бид хамтран ажиллаж байна.Цар тахлын энэ үед төмөр замчид маань амсхийх ч чөлөөгүй ажиллаж байгаа. Галт тэргээр ямар их хүн зорчдог билээ дээ.Нэг хэсэг нь тэдний эрүүл мэндэд анхаарч байхад нөгөө хэсэг нь эрсдэлгүй зорчуулах үүднээс замаа, галт тэргээ засаж машинчид нь айх аюулгүй жолоодож байдаг.
– “Хурд ” хамтлаг анх Зорчигчийн вагон депод байгуулагдсан гэдэг. Та энэ депод ажиллаж байв уу?
-Өнөөгийн гишүүд нь “Хурд” хамтлагийн хоёр дахь үе нь шүү дээ.1986 онд Зорчигчийн вагон депод байгуулагдаж, тухайн үеийн дарга Л.Насанбат гуай Оросуудтай зөвлөлдөж байгаад “Скорость” гэж нэр өгсөн байдаг.Гэвч Монгол хамтлаг тул орчуулаад 1986-1987 оны үед “Хурд” болгосон. Манай хамтлагийн нэр нь хүртэл төмөр замтай холбоотой. Монгол Улсын хөгжлийн хурд бол галт тэрэгний хурдаас шалтгаална.
-Тэгэлгүй яах вэ, төмөр замчид та бүхнээр бахархдаг. Гэр бүлийн хамтлаг олон байгуулагддаг ч төдөлгүй тус тусынхаа мөрийг хөөх нь бий. Харин замчин гэр бүлийн хүүхдүүд өдий олон жил нэгэн цул болж, ард түмэндээ хүндлэгдэж буй нь төмөр замчдын эв нэгдэл ямар вэ гэдгийг илэрхийлж байна гэж ахмад төмөр замчид ярьдаг юм билээ?
-Бидний олон дуунд гардаг даа.Төмөр замын зөрлөгийн амьдрал маш дотно байдаг. Манай амьдрал, зарим шийдвэр хөрш айлаас хамааралтай гэж хэлж болмоор, амь нэг байдаг.
Унтах, сэрэх цаг нь нэг, ажлын газар нь нэг, амьдрах орчин нь нэг учраас яах аргагүй нийтээрээ нэг гэр бүл болдог. Бид тийм эвсэг, нөхөрсөг орчинд, аав ээжийн зөв хүмүүжил дор өссөн болохоор “Хурд” хамтлаг өнөөг хүртэл оршин тогтнож буйн үндэс байж болно.
-Аав Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Ц.Дамба гэж хүн. 1956 онд илгээлтээр ирж замчнаас бригадын дарга, мастер, ахлах мастер хүртэл 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.Аав минь саяхан бурхан болсон.
Ээж минь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн, П.Лхамжав гэж хөгшин бий. Мөн л насаараа төмөр замд ажилласан даа. Ер нь, энэ аялан тоглолт аав, ээжийн минь хүсэл юм шүү. “Та нар энд тэнд яваад л тоглох юм.Төмөр замын өртөө, зөрлөг бүрээр яваад нэг сайхан тоглож өгөөч” гэдэг байсан. Аав, ээжийн болон бидний хүслийг төмөр замын удирдлагууд хүлээж авч буй нь алсыг харсан соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Удирдлагууд нь ч төмөр замчдадаа урлагаар үйлчилж, цэнгүүлж байгаа нь том соёл.
-Төмөр замчдын 70-80 орчим хувь нь залуус. Тэдний дунд авьяаслаг залуус маш олон байдаг. Танай хамтлаг тэдний дунд тэмцээн зохиовол магадгүй урлагийн ирээдүйн том одод төрж болох юм?
-Төмөр замчид маш их авьяастай. Миний ээж ч сайхан дуулна. 1969 онд төмөр замчдынхаа баярын өдөр Үндэсний телевизийн шууд эфирээр дуулсан байдаг. Бидний авьяас ээжээс минь угшилтай болов уу гэж боддог.
Бид очсон газар бүртээ уулзалт, ярилцлага хийнэ.Уулзалтаас сэтгэл нь сэргэж, өөртөө зорилго тавьж, биднээс үлгэр дуурайл авах хүн олон гарах байх.
Ер нь, “Авьяаслаг Монголчууд”, “My voice” гэх мэт олон контент байна. Яагаад “Авьяаслаг ган замчид” гэж контент байж болохгүй гэж. Тиймээс “Хурд” хамтлагийн нэрэмжит тэмцээнийг зөвхөн төмөр замчдынхаа дунд зохиовол болно. Энэ аяллаа дуусгаж ирээд энэ талаар хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоё гэж бодож байгаа.
-“Хурд”хамтлагаас гадна залуууран бүтээлчид явж байна уу даа?
-“The voice of Mongolia” шоуны манай Отгонбаярын залуусаас явж байгаа. Мөн телевизийн баг яваа. Бид зүгээр нэг тоглоод өнгөрөхгүй тоглолтын турш бичлэг хийлгэж, төмөр замчидтай ярилцан нэвтрүүлэг хийнэ. Нийт 30 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг явж байна даа.
Д.ОТГОНБАЯР: ВОКЗАЛААР АЛХАЖ ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭДЭГ

Юуны түрүүнд та бүхэнд төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Таны хувьд урлагийн тэмцээний олон контентийг шүүж, заримыг нь зохион байгуулдаг. Төмөр замчдын дунд сайхан тэмцээн зохион байгуулж болох санааг Д.Ганбаяр ах хэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Төмөр замын залуус авьяастай, үүний илрэл нь манай хамтлагийнхан гэж хэлж болно. Олонд танигдаагүй яваа зуу зуун авьяаслаг залуус төмөр замчдын дунд бий. Нөгөө талаар төмөр замчдын хүүхдүүд бие даах, амьдрах, орчинтойгоо зохицох чадварыг эрт олдог. Аав, ээж нь өглөө гараад орой ирдэг хүүхдүүд юу эсийг хийх билээ. Орчин цагийн хүүхдүүд цахим ертөнцөөс мэдээлэл үздэг байх. Гэхдээ л өртөө, зөрлөгийн хүүхдүүд хамтач байдал нь арай өөр шүү. Тиймээс өртөө, зөрлөгөөр нь ч юм уу хооронд нь урлагаар өрсөлдүүлэх тэмцээн зохион байгуулж болно. Үүнийг Замын захиргаатай маш сайн ярилцаж байгаад ажил хэрэг болгоё гэж бодож байна. Сүүлийн үед залуус спортоор их хичээллээд дуу хөгжмөөсөө хоцроод байх шиг. Энэ хоёрыг тэнцвэртэй явуулах хэрэгтэй. Тиймээс төмөр замын “Хурд” хамтлаг үүнийг хариуцан явуулах бүрэн боломжтой. Юун төлөө Соёлын ордонтой билээ дээ.
Төмөр замчдыг зөвхөн ажил хийлгэхээс гадна урам зориг оруулах, сэтгэлийг нь сэргээх, ажилд нь улам дуртай болгох хэрэгтэй. Миний хувьд ч дуу, хөгжим зохиож байснаа гэнэт зогсвол төмөр замынхаа вокзалаар ирж алхан, тархиа сэргээдэг.
Төмөр замчин залуусаа ажлаа дуртай, улам хайртай болгоход урлаг маш чухал үүрэг гүйцэтгэнэ.Хүн ямар нэгэн юм дутагдахаараа л ажлаасаа уйддаг, гардаг, цалгардуулдаг юм шүү дээ.Тиймээс соёлын хөтөлбөрийг тогтмол хийж байвал маш сайн.
Соёл Урлаг
Н.Батцэцэг мэнгэндээ дургүй

“Жинжиймаа”, “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудаар үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин бол Н.Батцэцэг. Түүнийг залуу байхад төдийгүй одоо ч нүд унагах эр олон. Тэгвэл эрхэм жүжигчин бага байхдаа өөрийнхөө хацар дээрх мэнгэндээ их дургүй хүүхэд байсан гэдэг. Энэ талаараа саяхан “Хүүхэд байхдаа бүх хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байхад би л нүднийхээ дор мэнгэтэй байсан. Тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон. Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ” хэмээн дурсан ярьжээ.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?