Connect with us

Монгол Мэдээ

Элдэвтэй эр буюу малчин Э.Лхагвадорж

Published

on

Өвлийн хүйтэн, зуны халууны барометр гэгдэх идрийн голын хөндийг өгсөж явахад хэдийгээр зун цаг ч өөдөөс сэрүү татаад янзын сайхаан. Тэр л нутгийн сүрлэг уулсыг хараачлан зүүн урьд даваагаар нь давж очихуйд өргөн хөндийн хот айлууд бараа бараанаа цайвалзан мал сүрэг нь цацсан шагай мэт налайна. Цэнхэрлэх уулс, гол усыг өгсүүлэн харвал ёстой л “Сэрүүн сайхан хангай”-г хадаан аяламаар бодол төрнө.

Салхины үл мэдэгхэн сэвшээнд өвс ногооны толгой сэрвэлзэн тээр дэнжийн зоо шилгээж байна уу даа гэмээр. Хөдөөгийн амьдрал тээсэн тэр хөндий далайд яваа аварга хөлөг онгоцыг санагдуулах ч шиг. Даваанд тулж буусан эхний хотонд бууж Лхагвадоржийнх гэдэг айлыг сураглабал,-Тэр голын хойд энгэрт байгаа айл.

Тэр жижиг гүүрээр гараад очно гэхдээ бидний аппарат хэрэглэлийг харсан уу. Манай залуу аваргыг сурвалжлах нь уу?За даа мөн ч ажилтай, сүүхээтэй хүн дээ. Зүгээр сууна гэж даанч байхгүй. Малч гэдэг нь энэ нутгийн толгой хүмүүсийн нэг. Мөн ч элдэвтэй эрдээ гэх нь өөртэй нь уулзалтгүй ээ. Энэ голынхоос асуухад болно гэх шиг төрх ажиглагдлаа. Бидэнтэй хамт яваа бригадын дарга нөхөр ч урьд нь зөндөө сануулсан нь тэдний хэлсэнтэй бүгд л таарч байлаа.

Тэр бүхнээс бичигч миний санаанаас элдэвтэй эр гэсэн тодотгол салахгүй явсаар тэднийхийг хүрлээ. Мөнөөх Лхагвадорж маань ч яриа хөөрөө сайтай шалав гулав хийсэн нөхөр юм. Биднийг очиход тэр гэрийнхээ гадаа мод өрөмдөн цоолж суув даа.Биднийг хэрэг зорилгоо хэлэхэд тэр уг ажлаа хойш тавьж орхиод гэртээ урьсан. Лхагвадорж урьдын танил юм шиг цовоо цойлгон яриатай хүн юм. Эхнэр нь гэж тун аялаг зантай нэгэн.

Аварга малчин болсон та бүхнийг сурвалжлахаар явна аа гэхэд. -За даа би гэдэг хүн хийхийг оролдохоос биш ярих нь тааруухан нөхөр дөө. Гэхдээ хүн юм асуувал дугуй байхгүй хариулж таарна. Мэдэх чадах юм байвал шүү дээ гээд. Ярианыхаа эхэнд Завхан аймгийн Их-Уул сумын үржлийн хоёрдугаар багийн малчин Эрдэнийн Лхагвадорж гэгч байна аа. Овог Хатгин. Өвөө дээдэс, аав, ижий маань бүгд энэ л нутагт малаа маллаж байсан удмаараа малчин хүмүүс.

Ижий минь одоо ч миний дэргэд зааж зөвлөж түшиг тулгуур минь болоод явж байна гэв. Малчин Э.Лхагвадорж дунд сургуулийн долдугаар анги дөнгөж төгсгөөд л мал дээрээ ирж. Түүнээс хойш 26 зуны цэцэг дэлгэрсэн яваа нь энэ аж. Тэр үнэхээр сэтгэлд хоногшим хошиндуу яриатай хүн юм билээ. Мал маллаад өөрийгөө залуу л гэж бодоод явсан чинь нэг мэдэхнээ нас дөч давчихаж. Бараг л хөгшчүүлийн жагсаалд удахгүй орох нь гээд инээлээ.

Түүний аавын эцгээс эхлээд үе үеийнхэн нь бүгд энэ нутагтаа малаа маллаж ирж. Лхагвадоржийг багад Эрдэнэ гуайх Хоржооны бэлийн бууц, Банзын толгой, Тэрэгний бэлчир гэдэг газруудаар нутагладаг байж. Ерөөс эдний гол нутаг Булнайн нуруу, Их-Уулын зааг Цагаан толгой орчим. Зарим үед Тэлмэн, Идрийн гол руу ч орж нутаглана.

Тиймээс мал сүрэг нь тэр л ургамал нь сортой, ус нь тунгалаг энэ л нутагтаа дассан, тарга тэвээрэг авахдаа ч сайн байдаг аж. Газар нутгийнх нь гол онцлог гэвэл өвөлдөө голдуу цасархаг байж хатуурах үе бий гэнэ. Бусад улиралд нь задгай устай, тарьсан юм шиг өвс ургамалтай өгөөжтэй сайхан. Энэ л нутагтаа Лхагвадоржийнх сүүлийн хэдэн жил өнтэй тарган орж мал сүргээ өсгөж явна.

Тэр 2014 нод аймгийн аварга малчин болсон бол түүнээс ердөө долоон жилийн дараа буюу өнгөрсөн хавар “Улсын аварга малчин” гэдэг алдар цолын эзэн болжээ. Энэ тухайгаа хүүрнэхдээ, Энэ бол зөвхөн миний сайных ч биш байж мэднэ. Халуун ам бүлийн хөдөлмөрийн үнэлгээ юм. Малчин удам гэж юм л их нөлөөлсөн байх гэж хэлнэ лээ. За тиймээ.

Түүнийг яах аргагүй малч удамтай хүн гэж хэлж болно. Аавын нь аав Их-Уул нутгаас төрсөн “Улсын аварга малчин” болж байсан бол аав Эрдэнэ нь мянгат малчин малчны хувьд сумандаа анхдагч нь байж. Хэн хэн нь нутаг нугадаа цаашлаад аймаг улсдаа нэртэй малчид явж. Тэд мал маллах арга ухааны хувьд тун мундаг хүмүүс байсан гэх.-Отор нүүдэл хэр хийж байна даа гэхэд,-Цагийн байдлаас болж оторт явнаа.

2003 он хүртэл оторт гарлаа. Харин сүүлийн жилүүдэд манай нутагт зуд турхангүй байсан болохоор нүүдэл суудал тун бага байлаа. Харин ноднин өвөл Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн ард очиж өвөлжсөн. Манай нутагт цас их унадаг болохоор зарим өвөл ч хатуухан шүү дээ гэж ярьсан юм. 

АДУУЧИН Э.ЛХАГВАДОРЖ

Улсын аварга малчин Э.Лхагвадорж халуун ам бүлээрээ гэрийнхэ гадна байгаа нь. Ижий, эхнэр хүүхэд, эгч нарынхаа хамт.Аваргынх олон малтай. Тэмээнээс бусад төрлийн мал бий. Тоо толгойн хувьд мянгын босгыг аль хэдийнэ давсан. Тэр дотор 600 гаруй адуутай юм. Сумандаа хамгийн олон адуутай нь эднийх. Тиймээс “Адуучин Э.Лхагвадорж” гэсэн гарчиг тавиад байгаа юм л даа. Өөрөө хэлэхдээ, “Би нутаг орныхоо байдалд зохицуулан цавчдаг, малтдаг мал адуу, сарлагаа голчлон өсгөдөг гэж ярьсан.

Эцэг, эхийгээ хүндэлдэг, тэднийхээ буян хишгийг, үйл бүхнийг үргэлжлүүлэн амьдарч яваа айлд бурхан амьдардаг гэдэг туйлын нэг үнэнтэй малчин Лхагвадоржийн ажил үйлс дүйж яваа гэж болно.

Монголчууд малынхаа аясыг дагаж нүүдэллэдэг, морио дагаж нааддаг, адуугаа морин эрдэнэ хэмээн эрхэмлэдэг энэхүү уламжлалыг хүн бүр байнга бодож явдаг л даа. Тэдний нэг эд эс нь Лхагвадоржийг гэхэд андуурсан болохгүй л байлгүй. Яагаад гэвэл түүний сэтгэлд адуун сүрэг нь дандаа хадгалаастай. Яавал өсгөхөв, хэрхэн эдлэхэв гэсэн бодлоосоо салдаггүйнх. Адууны билгэдэл бүхнийг тэр сайн мэднэ.

Адуу маллах тэр дотор уях сойх, эмнэг хангалыг нь сургах, гүү барих зэрэг аугаа соёлыг бүр мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ эднийх гүү барьж айраг уухыг, морь уяж уралдахыг урьдал болгодоггүй нь сонин санагдсан.-Та морь уяхгүй, гүү барьдаггүй гэх юм. Тэгвэл яагаад адуугаа өсгөхийг зорьдог юм бэ? гэхэд-Адуу гэдэг тэнгэрлэг сайхан амьтан юм шүү дээ. Явах нь уран шаглаа шиг, янцгаах нь хуур хөгжим шиг.

Эр хүний сэтгэл сэргээсэн сайхан мал. Тиймээс өсгөөд сүр жавхааг нь харж өөрөө эрч хүч авч явдаг даа гэв.Тэр адуугаа унаж эдлэхийг л гол болгодог онцлогтой малчин юм билээ. Бүр нэг содон нь гэвэл сайвар жороог их сонирхоно. Аав нь жороо голдуу адуутай байсан нь нөлөөлсөн ч биз. Тэгэхээр удмаа дагаж бүр өвгө эцгээсээ үлдсэн жороо шүтсэн хүрэн голдуу адуугаа л өсгөн үржүүлж, түүгээрээ гангарч яваагаа хэлнэ лээ.

Бас жороо морины тухай олон сонирхолтой юм ярьсан. Жороо гэдэг төрөлхийн гэж байна. Төрмөл жороо гэж хэлж болно. Тийм жороо бол жигд бөгөөд их уран байдаг. Харин моринд жороо явдлыг сургаж болдог. Сургаж оруулсан жороо бол цааш ахиж сурц нь нэмэгддэг гэнэ. Тэдний өвөг дээдэс жороо хүрэн зүсмийн адуутай байсан. Тэр л чанар, өнгө төрхийг Лхагвадорж хадгалж яваа юм билээ.-Ийм олон адуутай хүн морь уябал яасан юм бэ? гэхэд-Санаа ч хааяа төрдөг л юм.

Гэтэл сүүлийн үед морь уяна уралдуулна гэдэг чинь мөнгөтэй бэлтэй цөөн хүний ажил болчихсон юм шиг санагдаад байгаа юм гэлээ. Нутгийнхан нь тэднийхнийг жороо хүрэн адуутынх гэдэг байсан бол одоо ердөө манай аваргынх гэх болсон байна лээ. 

УРАН Э.ЛХАГВАДОРЖ 

Тэднийг хайж явсан үеэс л элдэвтэй эр дээ гэсэн үг санаанаас гараагүй явсаар тэднийд дөрөө мулталсан юм. Тэр үед мод оролдоод жижиг модон эдлэл урлаж суугаагаа аарцны хэв гэж тайлбарласан. Бас эхнэр нь “чипс”  гэж нэрлэх нүхтэй ааруул тавьж байгааг сонирхоход гарт нь байгаа багаж нэг л өвөрмөц байсан нь Лхагвадоржийн сүүлийн үеийн архины харамч хэмээх бөглөөг ашиглан хийсэн зүйл байлаа.

Эндээс л “Амьдралын тойрог” булангийн зочны элдэвтэй нь мэдрэгдэж билээ. Өөрийнх нь хэлснээр мод ч бай, төмөр бай зүгээр байлгадаггүй санааны хүн юм л даа. Жаахан төмөр олдвол галын хайч, халбага, шанага хүртэл хийчихнэ.

Модоор айргын бүлүүр, саалийн модон хувин бурхны гүнгэрваа гээд юу эсийг урлана гэх…

Ер нь бол өөрийн хэрэгцээний юмаа хэний ч гар харалгүй хийчихнэ. Тэгэхдээ сийлбэртэй гоёыг ч урлана. Нутгийнхандаа хүсснийг нь хийгээд өгчихнө. Тэхдээ ашиг, орлогоыг гол болгодоггүй, хөлс гэж хүний өгснийг л авна. Тийм болохоор нь түүнийг зарим нь мангар золиг гэдэг л байх. Морины хусуур, сойз урлана.

Сүүлийн үед хэрэгцээ нь нэмэгдэж байгаа энэ эдлэлийн хувьд бас л адуутай, морьтой холбоотой юм болохоор Лхагвадорж урлахдаа тун дуртай, ёстой бушуул, түргэл гэсэн маягтай хийнэ дээ. Зарим хүн хулсан хусуур авчраад сийлбэрлэж гоёод өгөхийг түүнээс хүснэ. Мань эр тун уриалгахан хандана. Нутгийнхан нь Лхагвадоржийн урласан саалийн модон хувинг их авдаг болсон гэх.

Ер нь  ч материал нь бэлэн юм болохоор модоор голдуу юм хийдгээ хэлж байсан юм. За тэгээд бас сур элдэнэ. Олом жирэм сүлжинэ. Аав, ижийнхээ хөдөлмөрч зан үйлийг өвлөсөн болохоор ер хийхгүй юмгүй гэхээр. Зав л гарвал нэгийг оролдож суух. Эгч Э.Бямбаа нь арьс нэхий элдэнэ. Бараг л торго шиг зөөлөн болгодог гэх юм билээ хүмүүс. Тэдний энэ хөдөлмөрч, уран нь удамтай аж.-Миний өвгө дээдэс аргагүй л уран хүмүүс байсан даа гэж Лхагвадорж бахархангуй ярьсан.

Аав Эрдэнийнхээ хийсэн нэг сайхан сийлбэртэй шатрыг тэр нандигнан хадгалж явдаг гэнэ. Аавынх нь дүү нэг уран хүн байсан. Бас ижийгийнх нь эцэг Бумбардай дархан гэж нэртэй уран хүн алт, мөнгөн эдлэл, сав суулга юу ч бол юу ч хийдэг байж. Ингээд хий, тэгж урла гэж зааж сургаагүй ч өвгө дээдсийн уран ухааных нь хэлтэрхий Лхагвадоржид өвлөн үлджээ.

Энэ тухайд тэр ярихдаа,-Надад удмын авьяас байх шиг. Харин би жаахан залхуудаа тэрнийгээ хөгжүүлж базаасан нь бага юм даа гэж байналээ. 

*   *   *Модны үр жимс тэнгэрт боловсордог гэдэг. Нар хурын шим газрын хэвлийг зөөлрүүлж ивээлээ хайрлахуйд тэр үр жимс нь тэнгэрээс буун ирж дахиад мод болон ургаж тэнгэрт үр жимсээ бэлэглэдэг байх юм. Хүмүүний амьдрал ч түүнтэй адил. Аварга малчин Э.Лхагвадорж эхээс есүүлээ. Ес гэдэг тоог монголчууд билгэдэл гэж үздэг.

Тэгвэл эрдэнэ гэдэг айлын есөн хүүхэд удмаа бататгаж, ур ухаанаараа сайхан сайн сайхан амьдарч явна аа. Есөн хүүхдийн зургаа нь малчин гээд бод доо. Сурвалжлагын төгсгөлд аварга маань сэтгэл эмзэглэж явдаг зүйлийнхээ заримаас хэлж байв.Юм хөгжлөө дагаж байгаа юмсан уу. Отор нүүдэл хийхэд ердийн хөсөг бараг ашиглахаа байлаа.

Үхэр тэрэг зэргээс эхлээд уяа татлага дэл аргамжаа хэрэггүй мэт. Бас говьд л цөлжилт нүүрлэлээ гэдэг. Тэгвэл хангайд ч газрын гарцад их өөрчлөлт бий боллоо. Ургамлын төрөл цөөрсөн ноднингоос бүр мэдрэгдээд байгаа юм. Үүнээс болж бэлчээрийн хомсдол үүсдэг байх гэв. Энэ бүхэн Лхагвадорж гэдэг хүний малч гярхай ухаанаасаа шүүрдэж хэлсэн үгс.

Бидний яриа өндөрлөхөд аваргыг морио уячих, гэрт чинь орж зарим бүтээлтэй чинь танилцъя гэх зуур мань хүн босохын өмнө-За одоо залхуурнаа. Билгүүнээ миний хүү аавынхаа морийг шонгоос уячих гэлээ. Арав гаруй насны болов уу хөөрхөн бор хүү гүйж ирээд морийг авав. Билгүүнээ хүү бас хоёр дүүтэй юм билээ. Аав, ижий хоёр нь “Улсын аварга малчин” болсон юм чинь тэд өсөөд мөн л малчин болох бизээ. Элдэвтэй эр малчин Лхагвадоржийнд өнгөрүүлсэн хоёр цагт бид ер уйдсангүй ээ.  

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Орос бүсгүй эх орныхоо төлөө олимпод тулалдлаа

Published

on

By

ОХУ өөрийн нэрээр олимпод оролцох эрхгүй болсон ч Оросын олимпын хорооны нэр дээр орж бгаа билээ.Спортын том гүрэн хойд хөршийн маань Жүдо бөхийн шигшээ баг өнөөдөр л анхныхаа медалыг авлаа.Ерөнхийлөгч В.Путин өөрөө жүдогийн тамрчин байсан болохоор энэ төрөлдөө маш их анхаардаг билээ.Гэхдээ оросууд энэ наадамд амжилт муутайхан оролцож бна.

Харин өнөөдөр эмэгтэй -70кг барилдсан МАДИНА ТАЙМАЗОВА тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж эх орныхоо төлөө яаж тулалддагыг яруу тодоор харуулж олимпын хүрэл медаль хүртлээ.Мөнгөн медалийн төлөө энэ жинд аварга болох хувьтай байсан японы жүдочинтай нийт 16 минут хүнд барилдаан хийж боолтонд орсонч тэссээр талбай дээр ухаан алдаж ялагдсан.Ямар их тэсвэр тэвчээр вэ.ЭНЭ БҮСГҮЙ ЖИНХЭНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУЛАЛДЛАА.БАХАРХМААР БАЙЛАА

Continue Reading

Монгол Мэдээ

У.Хүрэлсүх явсанаар МАН-ын дотоод тулалдаан эхэлжээ

Published

on

By

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намынхан “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш таван жилийн турш дотоодын “салан тусгаарлалтгүй” явсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч одооноос буюу намын даргынхаа эзгүй энэ цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой.

Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал “фронт” болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Гэвч хурал болсон биш гай болов. Учир нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд “шидэгдэж” буй түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагав. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа эсрэг сөржээ.

Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.

Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах н.Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулаад өдөржин зутагнасан “бантан” нь, үдээс хойш арай хийж түүхий нойтон нь ч мэдэгдэхгүй хачин юм болж дуусчээ.

Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд дэмждэг онцлогтой нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ. Гаднаас хүн томилох гэж оролдсон, мерит зарчмаар дотроосоо зүтгүүлсэн хүнийг нь хүчээр унагасанд Ардын намын залуучууд маш их ууртай байгаа бололтой. Ялангуяа орон нутгийн залуучууд сүүлийн хэд хэдэн багц томилгоонд дан гаднаас хүмүүс оруулж байгаад туйлын бухимдалтай хандаж байгаа гэнэ.

Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа. Бүр НАМЗХ Их хурлаа ч зарлаж магадгүй нөхцөл байдал үүсэхгүй үгүйсгэхгүй.

Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон” эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм. Гэхдээ Ардын намын асуудал үеийн үед Монголын асуудал болон өргөжиж байж дарагддаг байсан түүхтэй.

Г.Лхагвадорж

Эх сурвалж: UBN.MN

Continue Reading

Монгол Мэдээ

Савангаар нэрийн хуудас хийжээ

Published

on

By

БНСУ-ын Инчон хотод байгальд ээлтэй, нэрийн хуудсан саван үйлдвэрлэж, ирэх 8 дугаар сараас бодитоор хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү савангаар хийсэн нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон ” I’m Bubble ” арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм. Иргэдээс ирэх хариу дэмжлэг сайн байсан тул Инчон хотын захиргаа үүнийг дэмжиж ажиллахаар болжээ.

Нэрийн хуудсан саван нь хөөс болж, усанд уусдаг цаасан савангийн нэг төрөл бөгөөд байгаль орчинд болон хүний биед хор нөлөөгүй буурцагны тосоор хийгдсэн юм.

“Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй энэ санааг хүмүүс ихээр дэмжиж байгаа бөгөөд худалдаанд гармагц Инчон хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд гэх мэтчилэн тус хотод албан ажил эрхэлж буй бүхий л хүнийг цаасан нэрийн хуудсаа эко нэрийн хуудсаар солихыг уриалж байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!