Connect with us

Соёл Урлаг

ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Н.НОРОВБАНЗАДЫН ОХИН Б.ДЭЛГЭРМАА: Ээжийг 70 настайдаа “Урьхан хонгор салхи”-ийг дуулахад аав минь гараас атгаж, “Аа яаяа” гээд огшиж байсан

Published

on

 -ЭЭЖИЙНХЭЭ ДУУЛАХЫГ СОНСОЖ ЧАДАХГҮЙ УЙЛЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ-

              “…Ингээд л мэлмэрээд байдаг юм. Би айлын эрх хүүхэд байсан юм. Уг нь уйланхай байлаа ч ийм байгаагүй л юм даа” хэмээн нулимсаа цаасанд шингээнгээ “Зүгээр, зүгээр үргэлжлүүлье””  гэв. “Ер нь гаднаасаа ааштай, ширүүн, баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй юм шиг харагддаг хүмүүс дотроо их уяхан, зөөлөн санагддаг шүү. Та тэдний л нэг шиг санагдаж байна” гэтэл “Харин тийм ээ. Ойрд аав, ээжийнхээ тухай дурсаж, яриагүй болохоор тэднийгээ санаад ч юм уу, хайрлаад ч юм уу, эрхлээд ч юм уу нулимс аяндаа л урсаад байх юм. Би Монголд ирээд ер удаагүй байна. Аав, ээжийн минь энерги шингэсэн энэ сайхан гэр-музейд зургийг нь харж байгаад дурсан ярих шиг хэцүү зүйл алга. Гэхдээ мэдээж бахархаад баршгүй нь сайхан юм даа.  Тэдний минь хэлж байсан үг, хийж байсан үйлдэл нүдэнд харагдаад байгаа болохоор, сэтгэл үймэрч, усан нүдлээд салахгүй шинжтэй” хэмээн санааширч, яг л түүний өөдөөс ширтэж, чимээгүйхэн бидний яриаг сонсож буй мэт аав, ээжийнхээ хөрөг зургуудыг сэтгэлээрээ, харцаараа илбэж, сэтгэлийн ариун үг, нандин дурсамжаараа ойлголцож байгаа нь энэ.

          Түүний амнаас “Аав минь, ээж минь”  гэх үг эрдэнэ мэт гарах бүрд хоолой нь зангираад л тэгснээ удалгүй хаврын тэнгэр шиг гэнэт сэтгэл нь цэлмэж, сайхан дурсамжаар хөглөгдөж, инээд цацруулаад л баясгалантай нь аргагүй аав, ээж, бага насныхаа тухай жигтэйхэн сайхан хүүрнэх юм.

     Түүний ээжийг Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад гэдэг. Түүний бүх гуншиг нь орхиод зүгээр л Н.Норовбанзад гэхэд багадахааргүй дүүрэн хүн. Энэ  нэрийг сонсох бүрд гэрэл цацруулан инээмсэглэх төрх,  яралзсан цагаан шүд нь нүднээ харагдаж, “Уяхан замбуу тивийн наран” дуу сонсогдох шиг болдог. Тэрбээр гэртээ бусдын л адил сайн ээж, сайхан эхнэр. Харин хүннү захтай урт цагаан дээл, хувцас, малгайгаа өмсөж, морин хуурын аялгуутай хоршиж, шуранхайлахаараа тив дэлхийд цуурайтсан энгүй сайхан дуучин болж, хүн төрлөхтний сэтгэлийг, сонорыг мялааж, ариусгадаг хосгүй хүмүүн. Ийнхүү дэлхийн дууны урлагт алтаар бичигдэх Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын бага охин Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Уртын дууны тухай таны бодлыг сонсохоос яриагаа эхлүүлье?

          -Дэлхийд монгол гэдгээрээ ялгарах ганц зүйл бол уртын дуу. Уртын дууны дэг сургуулийг бий болгож баяр наадмаас тайзны урлаг болгосон хүн бол яалт ч үгүй миний ээж. Бусдаас ялгарах, бахархах, омогших үндэсний бахархал бол уртын дуу мөн. Үнэхээр бусад бүх урлагаас содон, дахин давтагдашгүй, гайхамшигтай. Ээж минь уртын дууг Монголын сонгодог урлагийн түвшинд хүргэсэн. Тийм учраас бид дуурь бол сонгодог урлаг, уртын дуу язгуур урлаг гэж болохгүй. Уртын дууг бөөцийлсөн бүүвэйлэх сэтгэл монгол хүний цусанд бий гэж боддог доо. Ээжид зориулсан Их газрын чулуунд байрлах “Уяхан замбуу тивийн наран” хөшөөнд дуучид очиж, мөргөж, энерги авдаг юм билээ. Энэ тухай хүмүүсээс сайхан зүйл их сонсож байсан. Гэхдээ би аав, ээждээ хөшөө босгохыг хүсдэггүй. Харин энерги, хүч, гайхалтай агуу оюунлаг авьяаст нь мөргөж байгаасай гэж хүсдэг.

-Та ухаан орохдоо л ээжийгээ дуучин гэдгийг мэддэг байв уу?

          -Би Улаанбаатар хотын 40 мянгатад төрж, өссөн. Тэр үеийн 40 мянгатад сэхээтнүүд амьдардаг байлаа. Намайг бага байхад миний хоёр эгч ээжийг минь “Гоё ээж” гэдэг байсан. Ээж минь залуугаасаа алдар хүндтэй болсон учир миний мэдэхийн ганган хүн байсан санагддаг. Гаднын зочид, төлөөлөгчид ирэхэд болон төрийн концертод тоглодог байсан. Гэрийн бараа ч хардаггүй. Байнга орон нутаг руу, гадаад руу хоёр, гурван сараар явдаг байсан. Аав минь ч мөн адил уран бүтээлч хүн болохоор гадаад, дотоодгүй их явдаг байлаа. Тэгээд л бид гурав эмээтэйгээ “Эрх чөлөө мандтугай” гэж амьдардаг байлаа даа.

-Урлагийн гэр бүлд төрж, өснө гэдэг өндөр их хувь заяа гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?

        -Уран бүтээлч гэр бүлд төрж, өснө гэдэг хамгийн аз жаргалтай. Бүх зүйлээ дураараа хийж болно. Би айлын бага болохоор цэцэрлэгт явах дургүй. Худлаа нүдээ аньж, хэвтэж байгаад цэцэрлэгээсээ хоцордог байсан. Гэтэл аав, ээж хоёр “Хэн нь ажил руугаа дагуулж явах вэ” гэсэн янзтай бие биерүүгээ харна. Тэгээд би Зохиолчдын хороо руу юм уу, Ансамбль руу ээж дээр очдог байв. Зохиолч нар тамхиа татаж, шүлгээ уншиж, уран бүтээлээ солилцож, сонирхолтой зүйл ярьдаг байсан. Харин ээж дээр ирэхээр уран бүтээлчдийн бэлтгэлээ хийж байхыг нь үзэгчдийн суудлаас найруулагчтай нь хамт үздэг байсан. Би ээжийг гарч ирж дуулахыг хүлээдэг байсан ч ээж бэлтгэлийн үеэр огт гарч ирдэггүй байсан. 

-Та хэнийх нь ажил дээр очих дуртай байв?

       -Аавын ажил дээр очих дуртай байсан. Яагаад гэвэл, зохиолчид надад  “Банзаагийн шар” гээд их сайн. Тэгээд  зарим нь надад 10 төгрөг өгдөг байсан. Тэр үед 10 төгрөг бол асар их мөнгө байлаа шүү дээ. Зохиолчдын хороон дээр аавдаа эрхлээд, зохиолч нарын өгсөн 10 төгрөгөөр тансагладаг байсан үе миний амьдралын хамгийн жаргалтай, нандин дурсамж байсан санагдаж байна.

-Ээжийгээ тоглолтоор яваад гэрийн бараа хардаггүй байсан гэлээ шүү дээ. Ер гэртээ байхдаа гэрийн ажил хийдэг байв уу?

       -Бид ээжийг гэрт удаан байхад нь дургүй байсан. Ээжээс илүү аавтай байхдаа чөлөөтэй дураараа байсан шиг байна лээ. Тэгээд ээжийг ирэх дөхөхөөр аав “За, ээж чинь хоёр хоногийн дараа ирнэ. Гэрээ цэвэрлээрэй” гэдэг байсан. Ээж шаардлага өндөртэй байсныг ч хэлэх үү, ирэх сургаар нь бид гэрээ чадлынхаа хэрээр сайхан цэвэрлэдэг байсан. Гэтэл ээж хөдөөгүүр явж, явж орж ирснээ “Хмм, тийм юмаа хийгээгүй байна, ийм юмаа ч угаагаагүй байна” гэнэ. Дутуу үлдээсэн зүйлийг заавал олж хардаг байсан. Ээж минь маш нягт нямбай, цэвэрч, сайхан хоол хийдэг, хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Жинхэнэ төгс, төгөлдөр эмэгтэй байсан. Бид хаалттай, эд юмс ховор цаг үед амьдарч байлаа. Тэгэхэд ээж минь гадаадаас ирэхдээ их гоё, гоё юм санаачилж ирдэг байсан. Аливаа зүйлийг зохиож бүтээхдээ сайн. Явсан газрынхаа соёл, ахуй амьдралыг их ажигладаг, энийг ингэж хэрэглэвэл Монголын орчин нөхцөлд зохих юм байна гэдэг ухааныг олдог байсан. Тэр ч утгаараа манайх ханаа хүртэл торгоор чимэглэдэг байлаа. Мөн ээж минь залуучуудыг их дэмжиж ажилладаг байсан. Цаг үетэйгээ нийцэж хамтарч ажиллах чадвартай байсан юм билээ. Ер нь монголчуудыг гадны хүний нүдээр харахад,  үнэхээр авьяастай, чадвартай. Гагцхүү тэрхүү энергийг зөв голдиролд оруулахгүй бол хэт улстөржсөн нийгэм болжээ гэмээр.  Улс төргүй гайхалтай сайхан амьдрал өрнөдөг шүү дээ.

-Та ээжийгээ сайхан хоол хийдэг. Чадахгүй зүйл үгүй гэлээ. Ээж нь ямар хоол хийх дуртай байсан бэ?

        -Ээж бууз, баншийг цэрэг жагсаж байгаа юм шиг өрдөг байсан. Би бараг бууз, банш чимхэж чаддаггүй шүү дээ. Багадаа мах татаж, гурил зуурч, элддэг байсан. Зохиолчдын хорооны бүх хүүхэд миний эмээгийн хоолоор хүн болсон гэхэд болмоор. Их сайхан хоолтой хүн байсан. Тийм учраас ээж минь эмээг дуурайсан сайхан хоолтой. Ээж минь янз бүрийн бүтээгдэхүүнээр гоё чамин, амттай янз янзын юм хийчихдэг байсан. Тэр нь ч бидэнд сонирхолтой байдаг байв. 

-Урлагийн дээл хувцсаа өөрөө оёдог, чимэглэдэг байсан гэж дуулсан. Үнэн үү?

        -Ээж минь их уран хүн байлаа. Дуулахаас гадна маш олон авьяастай шүү дээ. Тоглолтынхоо дээл, малгайны загварыг өөрөө гаргадаг байсан.  Гэхдээ тоглолтын дээл хувцсыг нь Ансамблийн оёдолчин Лхагваа эгч оёно. Хүний авьяас бүх зүйлд харагддаг. Японы дуучид ээжийг минь “Сансрын дуучин” гэж хүндэлдэг байсан. Ээж минь “Уяхан замбуу тивийн наран” дууг огторгуйд дүүлж буй мэт сайхан дуулдаг байв. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг монголчуудын суут бүтээл. Үүнийг амилуулж, дэлхийд түгээсэн суут хүмүүн бол миний ээж гарцаагүй мөн. Үүнийг ард түмэн батална даа. Тэгж бодохоор сайхан байдаг юм.

-Ээж нь та гуравт юу захидаг байсан бэ. Байнга хэлж ойлгуулдаг байв уу, үйлдлээрээухааруулдаг байв уу?

        -Бидэнд “Гэрээ сайхан авч явж, хоол сайн хийх ёстой. Англи хэл сайн сур. Чи Оросоос гараад хэлгүй гэсэн үг. Хэлгүй, боловсролгүй хүн шиг муухай юм байхгүй” гэж захидаг байсан. Тэгээд манай бага эгч франц, би англи хэл сурдаг байсан. Аливаа зүйлийг хэлэхээсээ илүү үйлдлээрээ илэрхийлж, бидэнд үлгэр жишээ болдог байлаа. Ээж минь ажилдаа явахаасаа хоёр цагийн өмнө босож, хоол ундаа бэлдэж, нүүр, амаа будчихаад явдаг байсан. Үргэлж өөрийгөө толинд хардаг, дэгжин эмэгтэй байсан шүү. 

-Та гурав ээжийгээ дуурайгаад гоо сайхандаа их анхаардаг байв уу. Толиноос салахгүй биз дээ?

         -Бид гурав “Хөмсгөө далий будчих вий” гэж ээжээс айгаад огт буддаггүй байсан. Одоо ч буддаггүй хэвээрээ. Уруулын будаг ч хэрэглэж үзээгүй гэхэд болмоор. Уг нь толиноос салахгүй л баймаар даа. 

-Таныг улстөрч болоход нь аав, ээж нь юу гэж байв?

      -Ээж надад “Улстөрч, жүжигчин гэх мэт олны танил болсон бол үргэлж өөрийгөө толинд харж байх ёстой шүү” гэдэг байсан. Мөн “Чиний бүх амьдрал бүгдэд ил байх учраас муу юм хийж болохгүй, хүнтэй муухай харьцаж болохгүй, алхам тутамдаа сайн сайхан явах нь чиний  үүрэг” гэдэг байсан.  

-Олны танил алдартай хүмүүсийн хүүхэд байх “Хэцүү” гэж хүмүүс ярьдаг. Харин таны хувьд ямар санагддаг вэ?

      -Үнэхээр хэцүү. Сургуульд ороход л “Дуучны охин дуул” гэх жишээтэй. Намайг дөрөвдүгээр ангид байхад Монгол хэлний Цэвэлмаа багш гэрийн даалгаварт “Шүлэг бичиж ир” гэсэн юм. Тэгэхээр нь нэг шүлэг бичээд очтол “Ааваараа бичүүлсэн үү” гэж байсан. Тэр надад их эвгүй санагдаж байсан болоод ч тэр үү  санаанаас гардаггүй юм. Ер нь эцэг, эхийн сүүдэрт амьдарна гэдэг хэцүү шүү. Сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж явахад хүмүүс надаас “Дуулдаг уу л” гэж их асуудаг байсан. Гэтэл надад “Дуулдаггүй” гэж хэлэх эрх байхгүй. “Найрын гурван аятай” гэж үнэнээ л хэлдэг байсан.

-Ээж нь Хөдөлмөрийн баатар болоход та хэд ёстой магнайгаа хагартал баярлаж байв уу?

        -Ээж минь 1931 онд Дундговь аймгийн Их газрын чулуу, Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн. Ээжийг багад нь “Дуучин шар” гэдэг байсан юм билээ. Түүний анх сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” гэсэн. Тэгээд дэлхийн залуучууд, оюутны их наадмаас эх орондоо анхны алтан медаль авчирч байв. Их Наадмын дараа шууд Улсын Ардын дуу, бүжгийн Ансамбльд дуучны замналаа эхлүүлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1967 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1997 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан. Ээж минь 2002 онд 71 насандаа бурхан болсон доо. Ээж минь Азийн хамгийн нэр хүндтэй Фукуокагийн Соёлын шагналыг эх орондоо авчирсан анхны хүн болж байсан.

-Та ээждээ зэмлүүлж байсан дурсамжаа ярьж өгөөч?

         -О.Дашбалбар бид хоёр гишүүн байхдаа их маргалддаг байлаа. Тэгээд би нэг удаа ээжид “Та О.Дашбалбарт Төрийн шагнал олгож болохгүй шүү” гэхэд ээж минь тэр үед Төрийн шагнал олгох Хорооны гишүүн байсан юм, улс төр надад ямар хамаатай юм” гээд нээх их уурлаж билээ. Аав, ээж минь “Авьяас хэзээ ч улс төртэй холилдож болохгүй” гэдэг зарчимтай байсан.

-Улс төрийн нөхцөл байдал таны аав, ээжийн амьдрал, уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

        -Аав, ээж хоёрын минь байгаа байдал нь намчирхаж, улстөрждөггүй байлаа. Боловсрол, спорт, соёл, зохиол бүтээл улс төрөөс ангид байх ёстой гэдгийг ойлгуулсан хүмүүс. Харин тэдний амьдрал, уран бүтээл туурвих ихэнх үе хатуу цензур дор өнгөрсөн шүү дээ.  “Нэгдлийн эсрэг юм биччих вий, социалист зүйлээс гажуудаж, үндсэрхэг үзэлтэн болчих вий, хөрөнгөтний нийгмийг дэмжсэн юм биччих вий” гээд л зүрхшээдэг байсан. Ээжийг минь япончууд “Гэрээгээр ажиллаж, манайд дуулаач” гэж байсан. 60-аад онд NHK телевизийн сэтгүүлчид ирж манай гэрээс сурвалжилга хийж байсан гээд л бод. Гэтэл манай улсаас “Эдний гурван өрөө байрыг нь хөрөнгөтний нийгмийнхэнд үзүүлж болохгүй” гээд “Манай гэрийг  засвартай байгаа” гэж хэлүүлээд, Сонгинын амралтад очиж байсан. Тэгээд сурвалжлагч ээжээс “Та онгоцтой юу, ямар хаусанд амьдардаг вэ. Манайд тань шиг дуучин ингэж, ингэж амьдарна” гэж баахан юм ярьсан гэдэг. Тэр үед ээж минь хөрөнгөтний орнуудаар явж, тоглолтоосоо олсон хэдэн төгрөгөө улсын орлого болдог, үлдсэн  5 доллараар нь эгч бид хоёр валютын дэлгүүр орж франц  саван авдаг байсан. Одоо үүнийг хэн ч санадаггүй, дурсдаггүй. Тэгэхээр аав, ээж минь уран бүтээлчдийнхээ хувьд асар их дарамттай амьдарсан санагддаг. Улстөржсөн зүйл аав, ээжид минь уран бүтээлчийнх нь хувьд харамсал, өөрсдийгөө бүрэн илэрхийлж гаргаж чадаагүй нь мэдрэгддэг.

Та айлын бага учраас эрх танхи өсөв үү. Аав, ээж нь хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

       -Би байрныхаа хүүхдүүдтэй зодолдож, толгойгоо хагалуулаад орж ирэхэд “Эмэгтэй хүүхэд байж хаашаа юм. Яах гэж айлын хүүхэдтэй зодолдож байгаа юм” гээд ээждээ нэмж бан хүртээнэ. Ээж минь сайндаа л өдөн дэрээр балбадаг байлаа. Харин миний аав шиг гайхалтай аав дэлхийд байхгүй. Ээжийг эзгүйд байрныхаа бүх хүүхдийг оруулж ирээд, гэр орноо буулгаад ээжийн гоё, гоё хувцсыг нь өмсөж тоглодог байхад юу ч хэлдэггүй байсан. Ээж минь 35 размерын гутал өмсдөг байсан болохоор хүүхдүүдэд таардаг байв. Эгч бид хоёр хүүхдүүдэд “Ээжийн өсгийтийг өмсөөд эндээс тэр хүртэл явахыг зөвшөөрч оронд нь гэрээ цэвэрлүүлдэг сахилгагүй хүүхэд  байсан. Хүүхдүүд ч дуртай нь аргагүй өмсөж алхдаг байж. Аав биднийг их эрхлүүлдэг байсны шинж. Гэхдээ ээжийг загнаж байхад өмөөрдөггүй юм. Бараг аавыг дуугуй, юу ч хэлэхгүй суухаас бид айдаг байсан даа.

-Та аав, ээжийгээ баярлуулж чадсан уу?

       -Бид гурав аав, ээжийгээ баярлуулсан гэж боддог. Манайхан байнга цугларна. Хоёр эгч хүүхдүүдээ дагуулж ирээд, бужигнаж бужигнаж байгаад орой явахаар ээж тэднийг “Босоо хоноцууд” гэдэг байсан. Ер нь гэр бүлийн уур амьсгал сайтай, гэр бүлсэг хүмүүс шүү. Бид бүгд онц сурдаг, бүгдээрээ мундаг ажил мэргэжил эрхэлсэн хүмүүс. Намайг дунд сургуулиа онц төгсөхөд тэр үеийн Зохиолчдын хорооны дарга байсан Л.Түдэв гуай “Онц сурлагатанд алтан үзүүртэй үзэг бэлэглэнэ” гээд 20 төгрөгийн үзэг өгч байсан. Мөн Их сургуулиа улаан дипломтой онц төгсөж, эгч минь Сүхбаатарын цалинтай төгсөж МУИСургуульдаа багшлахаар үлдэж, би Улсын Прокурорын газарт томилогдож байсан. Тиймээс биднээр их бахархдаг байсан санагддаг. Гэхдээ л биднийг магтаж байгаагүй. Дандаа “Биеэ тоовоо” гэж анхааруулж, захидаг байсан. Бид гурав сайхан хань ижилтэй учирч, үр хүүхдүүдтэй сэтгэл хангалуун амьдарч байна. Харамсалтай нь, бага эгч минь бурхан болсон юм. Бид гурав тав, таван насны зөрүүтэй эгч дүүс юм шүү дээ.  

-Та гурвын хэн нь аавыгаа, хэн нь  ээжийгээ дуурайсан бэ?

       -Миний ээж шударга, хариуцлагатай, нягт нямбай, хүлээцтэй монгол эмэгтэйн мөн чанарыг шингээсэн сайхан монгол эмэгтэй. Би бол аавыгаа илүү дуурайсан юм шиг санагддаг. Гэхдээ зан төлвийн хувьд ээжтэйгээ адил байж магадгүй. Бага эгч минь ээжийг илүү дуурайсан бас сайхан дуулдаг байсан юм. Манай том эгч нисэхэд ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан. Бид гурав “Банзрагчийн гурван эрх” гэдгээрээ алдартай байсан. Би бүр илүү эрх байсан. Тухайн үеийн хүмүүсийн цалин 300 төгрөг байхад би 200 төгрөгийн шуба өмсдөг байлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө нэг танилтайгаа таарч, жаахан юм ярьсан чинь “Чиний цагаан шубыг бид байраараа ярьдаг байсан шүү дээ. Нээх их зантай бөмбийсөн цагаан охин үнэтэй шуба өмчихөөд л гараад ирдэг байсан” гэж ярьж байсан. Юугаар ч дутахгүй өснө гэдэг үнэхээрийн жаргал юм билээ. Хоол унд, хувцас хунар, сэтгэлээр дүүрэн өссөндөө баярладаг. Гэхдээ бидэнд бусдын л адил сүүнд дугаарладаг үе байсан. Бусдаас ялгарах онцгой эд хөрөнгөгүй байсан болохоор амар ч байсан юм шиг санагддаг.

-Танайд урлагийнхан цуглардаг байв уу?

       -Манайд урлагийнхан их цуглардаг байлаа. Бараг л найр наадам болно шүү дээ. Тэр үе чинь шинэ шөл уухдаа хүртэл нэгнийдээ цуглардаг тэнүүн сайхан цаг үе юм чинь. Манай орцонд Цэдэн-Иш гуайнх, доод давхарт Ардын жүжигчин Гомбосүрэн гуайнх, дээд давхарт Аюур гуайнх байдаг байсан. Байраараа хаалга үүдээ ч түгждэггүй, бие биенээрээ орж гардаг байж.

-Та багадаа дуучин болно гэж боддог байв уу?

         -Би зарим орой ээжийн цагаан даашинзыг  өмсчихөөд, хөшигний ард орж, цонхны тавцан дээр зогсож байгаад “Цогт тайжийн цагаан ордонд хэн оров” гээд Ичинхорлоо гуайг дуурайж уншдаг, мөн концерт тоглодог байсан. Тэгээд дөрөвдүгээр ангиасаа хойш дуулахаа больсон. Тэгэхээр урлагийн хүн болно гэсэн бодол байсан юм уу, хүрээлэн буй орчин, хамт амьдардаг, уулздаг хүмүүс нөлөөлсөн юм уу, мэдэхгүй. Юун гэрийн даалгавар хийх манатай л урлагийн хүн аятай байдаг байсан санагдана. 

-Ээжийгэээ тайзан дээр дуулж байхыг хараад анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

      -Ээж минь төрийн концертод ордог байсан учир бид үзэж чаддаггүй байсан. Ер нь үзэх боломжтой байсан ч айгаад үзэж чаддаггүй байсан. Ээж минь 70 насныхаа ойгоор Соёлын төв өргөөнд “Урьхан хонгор салхи”-ийг дуулсан. Тэр үед аав минь миний гарыг атгаж, “Аа яаяа” гэж огшиж, шогширч байсан. Ээж минь дээд өнгө авна гэж янзын шүү дээ. Тэр үед аав минь ханиараа үнэхээр бахархан бахдаж байсан байх аа. Би одоо ч ээжийнхээ дууг сонсож чадахгүй уйлчих гээд байдаг юм.

      хэмээснээр бидний яриа энэ удаад өндөрлөсөн юм. Тэрбээр “Аавынхаа хийсэн бүтээсэн ажлыг нь бага ярьсан байж магад. Гэхдээ хүн чанарын хувьд ч тэр, зохиолчийнхоо хувьд ч тэр миний аав шиг хүн дэлхийд байхгүй гэж боддог. Бас л утга, уран зохиолын салбарт үүргээ гүйцэтгэсэн, өөрийн гэсэн орон зай, нэр төртэй том уран бүтээлчдийн нэг байсан. Харин ээжийн сүр, алдарт жаахан дарагдаж, даруухан амьдарсан санагддаг. Гэвч охидынхоо зүрхэнд тодоос тод гэрэл, бидний амьдралын өмөг түшиг, тулах цэг минь байсан даа” хэмээн бахархаж байсан юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Соёл Урлаг

Монголчууд Норовбанзадаа мартжээ

Published

on

By

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зvйлийг мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгvй, мартагдах учиргvй зvйл Монголын ард тvмэнд байх ёстой. Тvvний нэг. нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хvн тєрєлхтєн vvсч бий болсон, єєр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр vеэс vvсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хvнээ сvvлийн vед бид хэр олон дурсаж байгаа билээ дээ.

Хєдєлмєрийн баатар, тєрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад япончууд нvдээ анин, амьсгаа даран чагнадаг байсан гэдэг. Нэн ялангуяа дээд єнгє авч шуранхаилахын vес тэд Монголын гvн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь vл харагдах уудам талын сайхныг мэдэрдэг гэсэн. Энэ тухай Монголд ирсэн япончуудын амнаас олонтаа сонссон.

Тэд их дуучныг минь дурсахын хажуугаар телевиз, радиогийн чинь сувгаар тvvний дууг тшшт нэвтрvvлж байхыг харсангvй хэмээн гайхсан. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч тэднийг ингэж хэлсний дараа л анзаарав. Хэрэг болгон амралтын хэд хоногтоо телевизийн бvх сувгийг єглєєнєєс орой болтол эргvvлсэн ч олигтой зvйл олсонгvй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичvvлсэн хэдэн клипийг суваг бvр ар араас нь цувуулаад л…

“Фонограмм тавиад аргалчих…”

Yнэндээ тэднээс уйдаж гvйцлээ. Утгатай утгагvй хэдэн дууных нь vгийг цээжлээд ч нэмэргvй. Сэтгэлд нэг нь ч торж vлдэхгvй юм. Заримдаа бvр хооронд нь хольж хутгаад, хэн нь дуулж буйг “будаа идэж” байж танихыг яана. Єєрсдийгєє од гээд цоллочихсон энэ хэдэн залуу богинохон настай зохиолын дууг нэг хэсэг ч бол хvн сонсохоор болгосон нь vнэн. Гэвч vнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Пvрэвдорж, Х.Уртнасан, П.Ганбат,’ Б.Жавзандуламын энд хvрэх нь хэд бол.

Тэртэй тэргvй монголчууд хоолой сайтай ард тvмэн. Эвлэгхэн дуулчихдаг нэгэнд сайн багш хоолой тавиад єгчихєд хэн маань ч Жавхлангийн дайтай дуулж л таараа. Хєгжмийн зохиолчдын єгсєн дууг чадан ядан дуулж нэрд гарсан залуус одоо харин ишиг эврээ ургахаар эхийгээ гэдгийн vлгэрээр орж байгаа гэнэ билээ. Єнгєрсєн жил “Алтан намар” наадмын нээлтийн концерт дээр дуулуулахаар Хєгжмийн зохиолчдын холбооныхон С.Жавхлантай утсаар ярьж байхыг санаандгvй сонссон юм.

“Чи яах вэ, фонограмм тавиад єнгєрєєчих л дєє” гэж гуйж байхыг хараад тэр хєгжмийн зохиолчид дургvй хvрч билээ. Энэ жил тэд дахиад л нєгєєдvvлээ урихаар хошуу дэвсч байгаа сурагтай. Зохиосон дууг нь дуулж нэрд гарсан хойноо хєгжмийн зохиолчдоо тэгж хандаж байгаа хvн жирийн хvмvvсийн ємнє дуулах байтугай харсных нь тєлєє мєнгє нэхэх ч юм бил vv. Мєнгєтэй шоунд л оролццог болчихсон залуу дуучдын ханшийг дийлж дуулуулах бэлтэй хvн Монголд цєєн.

Єнгєрсєн сонгуулиар ганц удаагийн шоунд хоєр гуравхан дуу дуулаад 12 саяыг євєртєлж байсан Жавхланг зургаа долоон машинтай, хоёр давхар байшингийн захиалга єгчээ, Увсад баар байгууллаа гэхэд нь гайхаад байх хvн нэг ч гарахгvй. Тvvнээс єєрєєр энд тэнд тиим буян vйлдэж гэнэ гэвэл vнэн vv гэх хvн харин гарах байх шvv. Єєрийнхєє олсныг єєртєє л нааж байгаа тvvнийг буруутгах аргагvй ч гаргаж байгаа авир аашийг нь сонсоод хvндлэх сэтгэл огт тєрдєггvй юм. Гэтэл бид жинхэнэ од дуучдаа тvvний дайтай хvндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил vv.

Сувгаа солиод ч нэмэргvй

Саяхан болж єнгєрсєн “Хорьдугаар зууны шилдэг дуу-25” уралдаанд оролцохоор 200 гаруй дуучин бvртгvvлэхэд зохиолын дууны “од”-уудаас ганцхан Т.Баясгалан л ирсэн. Бусад нь айсан уу, эсвэл хэдэн сая тєгрєгєєр єєрийгєє vнэлчихсэн тэд мєнгєгvй уралдаанд оролцож цагаа барахыг хvсээгvй ч байж магад. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ зуйл гардаггvй гээд хэлчихвэл хатуудсан болохгуй байх.

Тэд голдуу л хэн нэгэн ємнє нь дуулж олны танил болго-чихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бур ялгагдахгvй ижил єнгєтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хvний чихэнд хvчээр “наалдуулдаг” менежменттэй. Телевизийн суваг бvрт шахуу хvмvvсийн захиалсан дууг явуулдаг хєгжмийн нэвтрvvлэг бий. “Хєгжмийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд єєр єєр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргvй. Тэдгээр нэвтрvvлэгт ирж байгаа хvсэлтийг анзаараад нэг vзээрэй. Хамгийн сvvлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчvvдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрvvлгийг узлээ.

Тус холбооны “томчууд” баяр хvргэж хэдэн vг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишvvн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонегохыг хvслээ. Харин нэвтрvvлгийн тєгегєлд Эрvvл мэндийн дэд сайд асан Н.Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жvжигчин Найдалмаа, Б.Жавзандулам, А.Бvтэд нар дуулсан. Дууны хvч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хvссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангvй.

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал

Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг. Тал шигээ уудам сэтгэлтэй євєг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, тvvнийгээ хvнд хvргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид vvнийхээ талаар тиим ч олон зvйл мэдэх бил vv. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголың хязгааргvй цэлийх єргэн тал нутгийг єєрийн эрхгvй санагдуулах ая эгшиг юм. Энэхvv єндэр дуурьсах хvч ит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал.

Тэр бол байгалийнхаа дунд аж тєрж буй хvн ардын vvрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтеан. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучин-тайгаа хамт тэнгэрийн оронд илгээ-чихгvйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг гарч уртын дууг тvгээн дэлгэрvvлэхэд тєр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагvй л байна.

Харин Уртын дууны нэртэй тєрийн буе байгууллага,, Утта. соелын євийн vндэсний тєв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь тєдийлєн олныг хамарч чаддаггvй. Санаагаар болдогеон бол судлаач, дуучдаа хєдєє гадаа явах зардлыг нь єгєєд ихэвчлэн хєгшдийн “бор авдарт” бvрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал vvнээс илvv хойч vеийнхэндээ хийх буян гэж байх уу.

Continue Reading

Соёл Урлаг

Н.Сувд гуай өөр эмэгтэйг дагаад явсан нөхрөө сүүлийн өдрүүдэд нь асарсан

Published

on

By

МУГЖ, Төийн соёрхолт жүжигчин Намсрайн Сувд гэх энэ эмэгтэйг Монголын ард түмэн Мандухай цэцэн хатан, Өэлүн эх гэж бүтээсэн бүрээр нь нэрлэн хайрлаж хүндэтгэж явдаг. Дандаа сайхан ээж, сайхан хатны дүр бүтээдэг сайхан бүсгүй маань өдгөө нас жар хүрч байгаа ч драмын театрынхаа тайзнаа залуустайгаа хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ дэд захирлын үүрэгт ажлыг хийж байгаа.

Зууны манлай сайхан бүсгүйн охин нь болж төрсөн эмэгтэй ээжээсээ гоо сайхныг “өвлөн” авсан. Төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцжээ.

-Та тайз дэлгэцтэй амьдралаа холбоод 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд та ихэнхдээ л хатны дүрд тоглосон байдаг. Өөрийгөө хатан заяатай гэж боддог уу?

– Хатан заяатай гэж гайхуулаад байх нь ч хаашаа юм. Кино үйлдвэрт ажилд орсон цагаас хойш энэ жил яг 43 дэх жилтэйгээ золгож байна. Хэр олон уран бүтээл хийснээ би нэг их сайн тоог нь гаргаж чаддаггүй юм аа. Том хүчтэй, гүн гүнзгий, утга санаа агуулдаг дүрүүд тэр болгон жүжигчин хүнд тохиогоод байдаггүй. Тиймээс би өөрийгөө их азтай л гэж боддог. Хүмүүс намайг Өэлүн эх гэдэг, Мандухай цэцэн хатан л гэдэг.

Би аль алинаар нь дуудуулах дуртай. Мандухайд тоглоод одоо хорин жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд бидний хийсэн бүтээл хуучраагүй, дандаа шинээрээ юм шиг дурсагдаж, хадгалагдаж, яригдаж байгаад би баяртай байна. Ямар ч гэсэн муу уран бүтээл болоогүй юм байна аа гэж бодож байгаа. Бүтээгдээд л мартагдчихдаг дүрүүд зөндөө л байна ш дээ. Олон янзын Өэлүн ээжид тоглох боломжтой болсондоо би баяртай байдаг. Өэлүн ээжид, Бөртэ хатанд зориулсан гол дүр болгосон уран бүтээл одоохондоо алга байна л даа.

Тийм учраас би Өэлүн ээжийн дүрүүдийг дандаа туслах дүрээр бүтээж байсан. Манай мэргэжлийн хэллэгт байдаг юм л даа. Хаанд тоглож болдоггүй ээ. Хаанд тоглож байгаа хүнийг эргэн тойрны дүрүүд нь тоглоно гэхээс биш хаанд тоглож болдоггүй гэдэг. Тэгэхээр Чингисийн дүрийг бүтээхэд Өэлүн ээжийн дүрийн тоглолт маш чухал. Тэгэхээр зэрэг би хувь заяандаа баярлаж л явна даа. Мандухайг гүйцсэн сайхан кино одоохондоо гараагүй л байна .

-Та байнга сайхнаараа байдаг. Энэ нууцаасаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцана биз дээ. Та гоо сайхны мэс засал хийлгэсэн юм уу?

-Миний сайхнаараа залуухан харагдана гэж ч юу байхав дээ. Хүн ер нь байгаа байгаа тэр цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч амьдарвал их зүгээр юм шиг санагддаг юм . Тэгэхгүй бол насаа мэдэхгүй залуу болох гээд л хичээгээд байх нь өөрийгөө зовоогоод, өрөөлд ч бас нэг их таатай сэтгэгдэл үлдээдэггүй юм шиг санагддаг юм аа. Тийм учраас хүн нас насандаа л сайхан нь байх хэрэгтэй болов уу гэж бодогддог. Үнэхээр залуу харагдаж байвал би баярлаж л байна.

Ер нь хөгширсэн ч гэсэн хүн заавал муухай харагдах албагүй. Сайхан эмээ, сайхан чавганц байдаг ш дээ. Намайг жаахан байхад дугуй малгай өмсчихсөн аягүй хөөрхөн эмээ нар явдаг байсан. Хичнээн хөөрхөн өхөөрдмөөр, хичнээн сайхан эмээ олон тааралддаг. Тиймээс хүн амьдралаас аль байгаа сайн сайхныг олж харж байх хэрэгтэй. Тэрнээс биш бухимдаад л, аль л болохгүй муу муухай юмыг хараад, өөртөө хураагаад байх юм бол тэр хүний өнгө зүсийг нь ч дардаг.

Сэтгэлийг нь гундааж хар энергийг цуглуулдаг. Тэгвэл хүн дотроосоо гэрэлтэх зүйлгүй болчихно. Гэхдээ мэдээж муу муухай зүйлийг нүд аниад өнгөрөө гэсэн үг биш л дээ. Зүгээр зарим нэг юмыг тэвчээд өнгөрөхөд болно. Тэгээд ч орчин үед нэг их уурлаад уцаарлаад байх шаардлагагүй болчихсон юм шиг санагддаг юм аа, надад. Нэг нэгийгээ ойлгож мэдэрч чадах юм бол амьдралын сайн сайхныг олж харж чадна.

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Хэдэн жилийн өмнө таны хань тэнгэрт дэшвшихэд Өэлүн эх өнчирлөө гэж Монголын ард түмэн харуусаж байсан. Та ханиа нэлээд олон жил асарсан байх аа?

-Хагацал гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэгэхдээ хагацал хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг их хүнд. Олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа. Би ханиа бүтэн зургаан жил яг хажууд нь байж асарч халамжилж байсан. Би амьдралдаа харамсдаггүй ээ. Миний хань сайн хүн байсан. Би тэр хүнийг амьсгаа хураахад нь ч хажууд нь байсан.

-Таныг хоёр хүүгийнхээ аавтай эргээд суусан, хамтдаа амьдарч байгаа гэж сонссон юм байна.

-Би тэр хүний хоёр сайхан хүүг нь төрүүлчихсэн хүн. Тийм ч учраас би тэр хүнд туслах ёстой хүний нэг л дээ. Насны эцэст ганцаараа байхад нь туслахгүй ч гээд яах юм. Ядаж л бие нь муудахад эмч дуудаад өгөх хэрэгтэй биз дээ. Ер нь ч тэгээд бид хоёр яагаад хамтдаа амьдарч болохгүй гэж. Үр хүүхдүүдтэй хүмүүс хамт байхад юу нь сонин байхав. Би Төрөөдөө их тусалдаг байсаан. Одоо харин хүү нь гадаадаас ирчихээд жаахан гайгүй байна.

-Насны намраар эргээд л учрах тавилантай байхад юундаа залуу сайхан насандаа салав даа гэж харамсдаг уу?

-Яахав дээ. Би тэр үед Төрөөг өөр хүнтэй боллоо гэхэд нь асууж байсан юм аа. Би ер нь аливаа юмыг их удаан бодож байж шийдвэр гаргадаг хүн дээ. Тэр ч утгаараа би юу юуны туханд хүрэлгүй хаяж гараад гүйгээгүй. “За Төрөө минь би явлаа шүү. Чи сайн бодсон биз. Дараа нь хүрээд ир, эргээд нийлье, энэ тэр гэж харамсахгүй биз. Явлаа шүү, Төрөө би…” гэж асууж асууж явсан. Тэгэхэд Төрөө надад “Харамсахгүй ээ” гэж хэлж байсан боловчиг дөрвөн сарын дараа л “Эргээд хүрээд ирээч ээ” гэж гуйсан л даа.

Тэгэхэд нь би “чиний сонгосон зам шүү дээ” гэж хэлээд очоогүй. Ер нь манайхан нэг л шийдсэн бол тэр шийдвэрээ өөрчилдөггүй хүмүүс л дээ. Яахав дээ хөөрхий тухайн үед гэртээ суудаг залуухан эхнэртэй болоод сайхан амьдарна л гэж бодсон байх л даа.

-Тэгээд цагийн аясаар хоёр хүүгийнхээ аав анхны хань Төрөөгөө уучлаа юу. Цаг хугацаа бол бүхнийг анагаагч гэдэг дээ?

-Хойч ирээдүйгээ бодож одоо байгаагаа гэгээтэй талаас нь харах юмсан гэж боддог. Амьдралд гомдмоор уйлмаар, сэтгэл өвдмөөр муу муухай, янз бүрийн юмнууд тохиолддог. Тэр бүхнийг аль болох сайхан талаас нь харж өршөөж явах нь зүйтэй л гэж би боддог юм шүү дээ. Хүнд гомдоно гэдэг сайхан зүйл биш ээ.

-Та хоёр хүүгийнхээ аавд их л хайртай байж дээ?

-Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг. Би ч мөн адил хоёр хүүгийнхээ аавтай арван жилийн сургуульд сурч байх даа л үерхэж тоглож наадаж яваад л ханилсан тийм л хүмүүс. Тэгээд ч ер нь манайхан нэг л хүнийг сонговол тэр чигээрээ байдаг хүмүүс юм шиг надад санагддаг.

-Зууны манлай сайхан бүсгүй гэж таны ээж Цогзолмаа гуайг өргөмжилдөг. Та Цооцоодоо загнуулж байна уу?

-Жүжгийн давталт янз бүрийн юман дээр Цооцоо маань ирж харчихаад л энэ чинь, тэр чинь болохгүй байна шүү гэж хэлдэг л юм. Амьдрал дээр ч гэсэн чи тэгсэнгүй, ингэсэнгүй гээд л зэмлэнэ. Ер нь би хэнэггүй гэж их загнуулна даа. Манай буурай маань болохоор “Төрийн нуруу төвшин бол төө зэргийн хазгай ч яахав” гэж их хэлдэг байсан. Тэгээд ч тэрүү би аливаа зүйлийн дүн нурууг л их харах дуртай. Бүр хазайгаад унах гэж байвал л тэрийг түшнэ үү гэхээс биш, тогтвор сайтай л байвал би хэр баргийн юманд оролцоод л, муу муухайг нь түүгээд л онгичоод, бурууг хайгаад байх дургүй ээ.

Ер нь манайхан тийм дээ. Ерөөсөө хүн болгон өөрсдийгөө аль сайн талаасаа мэдэрч байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө дутагдлыг тэр болгон ойлгож мэддэггүй, чаддаггүй. Тийм учраас хүн өөртөө хэлж байгаа шүүмжлэлийг, чамд хүн уурлаад хэлж байгаа үгийг сайн тунгааж тэр дотроос, чиний сөрөг юмыг тэр хүн хэлж байгааг мэдэж засаж дарах хэрэгтэй.

-Таныг хорин хэдхэн насандаа дарга болсон, УИХ-д сонгогдох ёстой хүн гэж ахмадууд тань хэлдэг юм билээ?

-Энэ удирдах албаны ажлыг хийнэ гэж би залуудаа ч бодож байгаагүй. Одоо ч боддоггүй. Цаг хугацаа, орчин нөхцөл надад гарцаагүй энэ албан тушаалыг тулган хүлээлгэдэг гэх юм уу даа. 1980 онд намайг анх энэ театрын намын үүрийн даргаар сонгосон. Тэгэхэд манай ахмад үеийнхэн болох Чимэд-Осор гуай, Хандсүрэн гуай, Долгорсүрэн гуай, Гомбосүрэн гуай гээд л бүх хүмүүс байсан л даа.

Тэгээд 1981 оноос уран сайхны удирдагч хийсэн. Надаас өмнө энэ ажлыг маань Ху. Нацагдорж гэж орчуулагч, найруулагч, судлаач, шүүмжлэгч мундаг хүн хийж байсан болохоор би хийж чадахгүй ээ гэдгээ хэлсэн. Дөнгөж 30 нас шүргэж яваа хүнд тэр ахмадуудыг удирдаад ажиллана гэхэд санаанд багтдаггүй байсан. Тэгтэл нөгөөдүүл маань тал талаас загнаж байгаад энэ ажлыг өгч билээ.

Тэгээд ажлаа авсны дараа би ахмадуудынхаа хажууд очиж цалингаа авхаас ч ичнэ. Одоогийнх шиг картаар авна гэж байсан биш. Кассан дээр очоод л оочерлоно. Дээрээс нь ахмадууд маань дал ная гарчихсан хүмүүс байж намайг “Та” гэнэ. Тэрнээс нь би учиргүй ичнэ. Гудамжны өнцөг тойрч яваад л өнөөдүүлийг өөдөөс ирж байхад л “Та” гэх байх даа гэж айгаад л буцаад гүйчихдэг байсан. Ахмадууд маань тийм их ёс журамтай хүмүүс байсан юм .

Тэдний маань түшиг тулгуур надад маш их хэрэг болсон доо. Гарсан шийд болгон л өдөр цаг минуттайгаа яригдаад л, хамтын хүчээр бүгдийг шийдчихдэг сайхан хамт олон байсан л даа. Одоо ч залуу үеийн хамт олон маань тэгж хүмүүжсэн.

-Драмын театр залуу уран бүтээлчид авахгүй байна. Тиймээс ямар ч жүжиг тавьсан, дандаа нэг хэвийн болоод байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Сүүлийн үед олон сайхан залуу жүжигчид орж ирлээ?

-Ер нь үеийн үед хөгжлийн гол тулгуур бол залуучууд л байдаг шүү дээ. Эдний хөдөлмөр, эдний хүч энерги дээр ажил явдаг. 2001 онд намайг театрын дэд захирлаар ажиллаж эхлэхэд л манайд Наранбаатар, Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Ганцэцэг гээд сайхан сайхан залуус театрт орох гээд л орон тоогүй, цалингүй байж байсан. Би залуустаа итгэл өгч хойч үеэ тасралтгүй бэлдэж байх ёстой гэж боддог юм . Би аль болох л залуусыгаа дэмжиж ажиллах дуртай. Энэ бол ааваас минь надад өвлөгдсөн зан л даа.

Continue Reading

Соёл Урлаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар бэрдээ зориулан сэтгэлийн үгээ бичжээ

Published

on

By

Хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн гэр бүл бол Монгол улсын гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар билээ.

Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар 2 хүүхэдтэй том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа, хүү нь Х.Санжаа.

Түүний хүү Х.Санжаа амьдралын ханиараа Б.Гангаамаа гэх бүсгүйг сонгосон бөгөөд хоёр уран бүтээлчид маань хөөрхөн ач хүүгээ өлгийдөн авчээ.

Найруулач Ц.Хүсэлбаатар бэрдээ хайрын үгсээ хайрлажээ.

Тэрбээр “Миний охин үзэсгэлэнтэй ухаантай хүлээцтэй зөөлөн ааштай мөртлөө ажилсаг юунд ч бууж өгдөггүй нямбай шаргуу зоримог гээд тэр бүр хүнд заяахгүй сайн сайхан бүхэн заяасан тийм л хөөрхөн охин минь билээ.

Хайртай охиндоо хүүгийнхээ насан туршийн ханьд Төрсөн Өдрийн Мэнд хүргэе.

Амьдарлын урт харгуйд тосож байгаа бүхэн охиныг минь хайрлаж зөөлөн сайхан бүхнээ өмнө тань дэвсэж байх болтугай” хэмээжээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!