Connect with us

Соёл Урлаг

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн амины ганц дүүдээ барьсан гэнэтийн бэлэг

Published

on

Соёмбон толгойт Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа нэгэн баярт мөчөөсөө хуваалцжээ. Тэрээр “Ахаасаа 5000н төгрөг гуйхгүйгээр амьдралаа үүрч , аялгуу ойлгохгүй ч хэмнэл мэдэрдэг нүдээрээ орчлонг сонсож , бүгдэд тусладаг үйлдлээрээ буян дагуулсан миний баатар өнөөдөр дөрөө дарлаа.

Дохих ертөнцийг юманд чинээ тооцохгүй , харахгүй хорвоог илүүд ухааруулсан тэвчээрийг , надад сургасан ухаантай дүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Зоригтой бай , бас хариуцлагатай бай. Би чамайг нуруундаа үүрч хэлтэй болгох гэж дохионы хэл багшаас чинь сураад заасан багш , би чамд ээжийг чинь буpхан болоход өмнүүр нь орж түрүүлж үxээд тоглоом болгож ухааруулж аргадсан ганцхан ах чинь. Төрсөн өдрийн бэлэг машин авч өгнө. Хүслээ хэл ахдаа” гэжээ.

Товчхон дурьдахад Дэлгэрмөрөн гурван эрэгтэй дүүтэй байх байжээ. Харамсалтай нь хамгийн бага эрэгтэй хоёр дүүгээ өвчний улмаас алджээ.

Түүний амин хайртай ганц дүүг Т.Дэлгэрмөнх гэдэг бөгөөд АПУ компанид арав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сонсголын бэрхшээлтэй ч хойш суулгүй бусдыгаа манлайлсан тэргүүний залуу медалын эзэн.

Тэрээр ихрийн өрөөсөн бөгөөд ихэр нь төрөөд эндчихсэн. Харин нярай байхад нь эмч нар буруу тариа хийсэнээс болоод хэлгүй болсон гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ах нь түүнд их тусалдаг гэсэн шүү.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

“Тунгалаг тамир”-ын Дулмаа

Published

on

By

Зууны шилдэг киноны нэг ”Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүрээр ард түмэнд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалыг монголчууд андахгүй. Тэрбээр Монголын cop болсон олон сайхан уран бүтээлд тоглосноос гадна өөрийн сурсан мэдсэнийг урлагт хайртай залууст зааж сургаж яваа гавъяатай хүн

. Бүхий л амьдралаа кино, дэлгэцийн урлагт зориулсан тэрбээр “Бодлын хулгайч” кинонд тоглож үзэгчдэд баяр, гуниг, ухаарлыг төрүүлж чадсан. Авьяас гэдэг агуу зүйл хэзээ ч хуучирч, хөгширдөггүйг өөрийн биеэр харуулж яваа энэ эрхэм жүжигчний талаар уншигчдадаа толилуулъя.

ДРАМЫН ТЕАТРЫН БОСГЫГ ДАВСАН Ч ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТ УРВАСАН НЬ
Ясны жүжигчин гэж толорхойлоход нэг их буруудахгүй жүжигчин Ш.Дэлгэржаргал уг нь дунд сургуулиа төгсөөд Москва хотод инженерийн сургуульд явжээ. Сайн инженер болно гэсэн сэтгэл өвөрлөн хүний нутаг зорьсон ч сургуулиа төгсөж амжаагүй байхад ар гэрт нь асуудал үүсч тэрбээр нутаг буцах шаардлага гарлаа. Өөрөөр хэлбэл хувь тавилан түүнийг инженер биш гэж тодорхойлов.

Ингээд л ар гэрийн гачигдлаар тэр сургуулиа орхиж. Азаар тухайн үед Пионерын ордны дугуйлангийн жүжиг ангийн багш Ш.Чүлтэмжамц, С.Дугар нартай таарлаа. Драмын урлагийн төлөө зүтгэх энэ эрхэм хүмүүс түүнийг “Чи ерөөсөө жүжигчин болох хүн. Чамайг театрт оруулна” гэснээр тэр бурхад чуулсан их өргөөний өндөр босгоор алхах нь тэр.

Нас залуу, цус шингэн ч чадна гэсэн сэтгэл өвөрлөсөн түүнийг Т.Цэвээнжав, Г.Гомбосүрэн, Э.Оюун, Н.Цэгмид, Р.Доржпалам гээд л дандаа мундгууд угтаж шалгаж гарлаа. Залуу бүсгүй чаддаг мэддэг бүхнээ шалгуулсан ч урлагийн бурхад “Маргааш өглөө хоёр ардын дуу бэлдээд ир” гэсэн хэцүүхэн даалгавар өгч орхив. Угаас дуунд тааруухан болохоор түүндээ эмзэглэж маргааш өглөө нь очиж зүрхэлсэнгүй.

Харин ч Драмын театрын өмнүүр өнгөрөн Хүүхэд залуучуудын театр руу орж А.Очирбат, Ц.Төмөрбаатар, Г.Энхтуяа, Д.Маамхүү найруулагч гэсэн хүүхэлдэйн театрын шилдгүүдэд шалгуулжээ. Азаар тэд дуу хууранд ямар болохыг нь шалгасангүйгээр барахгүй “Маргаашаас шууд ажилдаа ороорой. Дагалдан жүжигчнээр авлаа” гэсэн цөөн боловч гэрэл гэгээтэй үгийг амнаасаа унагах нь тэр.

Ш.Дэлгэржаргалын жүжигчний гараа ингэж эхлэв. Ийнхүү зургаан cap дагалдан жүжигчин хийж дуустал театр нь түүнийг сургуульд явуулах бичиг гаргаж Соёлын яаманд өгчихсөн байлаа. Энэ бол түүний авьяасыг олж харсан анхны үнэлгээ байсан юм. Гэвч Соёлын яамныхан түүнийг тийм ч таатай хүлээн авсангүй.

Зургаан cap ажилласан Дэлгэржаргал байтугай зургаа, долоон жил ажилласан хүн сургуульд явах гээд ээлжээ хүлээн чимээгүйхэн сууж байгаа гэсэн хатуу боловч үнэн үгийг түүнд дуулгалаа. Залуу бүсгүй миний сургуульд явдаг ч өнгөрчээ хэмээн гуниглангуй явж байтал Ардын жүжигчин, Л.Цогзолмаа таарч тус болсноор тэр кино драмын ангийн оюутан болсон гэдэг.

ХУВЬ ТАВИЛАН ДУУДСАН ДААРИЙМАА
Хувь тавилан гэдэг үнэхээр зурагдсан байдаг ажээ. Ш.Дэлгэржаргал хэрвээ “маргааш өглөө ирээрэй” гэсний дагуу Драмын тетарт очсон бол “Амархан явдал” хэмээх жүжгийн Даариймаагийн дүрд тоглох байж. Уг жүжгийн найруулагч түүнд Даариймаагийн дүрийг шууд оноочихсон байсан гэх.

Гэвч Хүүхэлдэйн театрт очоод тоглосон анхны дүр нь өмнө нь зугтсан Даариймаа байлаа. Гэхдээ “Амархан явдал” биш “Гэр бүлийн асуудал” нэртэй жүжгийн Даариймаагийн дүр байв. Тэгэхээр түүний урлагийн гараа ямар нэгэн Даариймаагийн дүрээр эхлэх ёстой байсан гэлтэй.

ДЭЛГЭРЖАРГАЛЫГ ДУЛМАА БОЛГОН ХУВИРГАСАН ТУНГАЛАГ ТАМИР
Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалын бүтээсэн олон зуун дүрүүдийн нэг нь Монголын ард түмэнд өдгөө ч хүндлэгдэж буй “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүр. Киноны найруулагчаар ажилласан Р.Доржпалам найруулагч түүнийг аль эртнээс Дулмаа хэмээн харчихсан байсан гэдэг. Гэвч хашир найруулагч оюутан бүсгүйд юу гэж энэ дүрд чамайг харж байгаа шүү гэж хэлэх билээ.

Харин Ш.Дэлгэржаргалыг кино үйлдвэрт явж байхтай таараад “Сахилгагүй оюутан. Кино эхлэх гэж байхад” хэмээн нэг том харчихаад явж. Учир нь Дэлгэржаргал түүнтэй таарахдаа удаах үрээ хэвлийдээ тээж явсан гэх. Хорвоогийн жамаар тэрбээр нялх үрийн зулайг үнэрлээд удаагүй байтал нэг өдөр гэрт нь УАЗ 469 машинтай баахан хүмүүс ирсэн нь өнөөх кино группынхан байлаа.

Өөрөөр хэлбэл Р.Доржпалам найруулагч, зураач П.Цогзол, А.Баттулга зураглаач, Ч.Долгорсүрэн, Д.Элбэгсайхан нар түүнийг сонжих гэж ирсэн нь энэ байжээ. Олон хүн хараад салганан чичирч хүүхдээ ч хөхүүлж чадахгүй суугааг тэд эс анзаарна. Р.Доржпалам найруулагч, А.Баттулга зураглаач хоёр түүний хоёр талд гарч нүдээ том жижиг болгож харах нь бүр ч сандралд оруулах. Тэгснээ найруулагч “Долоо хоноод кино үйлдвэр дээр ирж пробонд ороорой” гэж хэлээд гараад явчих нь тэр.

Энэ явдлын маргааш хүүхэд нь өвдөж тэрбээр хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж ес хонолоо. Нөгөө пробонд ороорой гэж хэлснийг нь ч мартаж орхисон байв. Эмнэлгээс гараад байтал бас л гэнэтийн зочид тэднийд саатсан нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ирж сандралд оруулсан киноныхон байв. Гэхдээ энэ удаад тэд машинаа томруулчихаж.

Нэг үгээр хэлбэл автобус дүүрэн хүн түүнийг шууд кино зураг авалтанд авч явахаар ирсэн байлаа. Тэд “Нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнийг хээр хөдөө авч явах гэлээ гэсэн аавынх нь дургүйцэлтэй тулгарахаа ч тооцоолсон бололтой. “Бид охиныг чинь гам алдуулахгүй. Тусдаа гэр барьж өгнө. Дандаа шинэ хонины шөл уулгана. Харин ч сайхан тэнхрүүлнэ. Хүүхдийг нь асрах хүнтэй аваад явна” гээд л ар араас нь тайлбар үг урсгаж гарлаа. Үүнийхээ хүчинд аавыг нь ятгаж дүүг нь асрагч эхээр авч явахаар болсон гэдэг.

УРЛАГИЙН ХАЙРЛАСАН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ
16-хан хоногтой нялх биетэй түүнийг натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан нь гарцаагүй. Ядахад хацар дээр нь хатиг гарчихсан гэж байгаа. Ямар сайндаа л Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй түүний нүдэн дээр Доржпалам найруулагчид “танай Дулмаа биш ээ. Би энэ киноны зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш” гэж хэлж байхав.

Гэвч Дэлгэржаргал түүний үгэнд эмзэглээгүй гэдэг. Учир нь натурт гарсан бүх хүн түүнийг энэ дүрд тэнцэнэ гэж бодож байгаагүй нь харцнаас нь илт байсан гэх. Тийм ч учраас жүжигчин бүсгүй болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодож суужээ.

Нэлээд юм болсны эцэст тахартай ноцолддог хэсэг буюу тэргэн дээрх хэсгийн зураг авалтыг авч зохиолч Ч.Лодойдамбад үзүүлтэл “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж уулга алдсан гэх. Ингэж тэр ээж аавынхаа өгсөн Дэлгэржаргал гэх нэрийг Дулмаа гэсэн уран бүтээлийн нэрээр сольж өдгөө ч Дулмаа хэмээн дуудагдаж яваа. Тиймдээ ч тэрбээр урлагийн надад хайрласан хамгийн том бэлэг бол “Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүр хэмээн ярьдаг юм билээ.

НАЙРУУЛАГЧИЙН НАРИЙН УХААН БУЮУ 10 ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТ
Доржпалам найруулагч түүнийг “Тунгалаг тамир”-т тоглуулснаас хойш 10-аад жил кинонд тоглуулаагүй гэдэг. Уг нь “Суварган цэнхэр уулс”, “Давааны цаана даваа” гээд л олон сайхан кино хийгдэж найруулагчид Ш.Дэлгэржаргалыг пробонд оруулах гэдэг ч Доржпалам найруулагч хасаад хаячихдаг байсан гэх. Бага залуудаа олон кинонд тогловол бүтээсэн дүрүүд нь хоорондоо холилдож жүжигчнийг таниулсан дүр үлдэхгүй гэсэн найруулагчийн нарийн ухаан энэ биз ээ.

ХАНИЙН ТҮШИГ
Ш.Дэлгэржаргалын талаар өгүүлэхэд С.Бужгар гэсэн хүний нэр яалт ч үгүй дурдагдах ёстой. Учир нь тэд нэг насны амьдралаа холбосон эхнэр нөхөр хоёр. Монголын урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан гавьяат жүжигчин С.Бужгар Монголд дээд боловсролтой жүжигчин бэлтгэж эхлэхэд анхны ангийг нь төгссөн хүн.

Их сургуулийн хятад хэлний ангийн гуравдугаар курст сурч байхад нь УБИС-ийн драмын ангид элсэлт авахад шалгалт өгч тэнцээд жүжигчний ангид орсон гэдэг. Бужгар дипломын ажлаа “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүрээр хийжээ. Тэрбээр Драмын театрт 13 жил ажиллахдаа гол болон туслах 68 дүр бүтээсэн юм.

Харин яагаад ч юм Бужгарын бүтээсэн дүрүүд ихэвчлэн өвгөний дүр байлаа. Магадгүй энэ нь тухайн үед нүүр хувиргалт сайн хийдэг байсантай холбоотой биз ээ. Бужгар уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг нь Дарханы Залуучууд театрт очоод Ленинд тоглосон дүрээс нь харагддаг.

Түүнийг Ленин болон тайзан дээр гарахад оросууд уулга алддаг байсан гэдэг. Ямар сайндаа л том охин нь хойно сурч байхдаа аавынхаа Ленинд тоглосон зургийн хальсыг угаалгах гэж зурагчинд ороход “дэлгүүрээр дүүрэн Лениний зураг байхад үүнийг угаалгах гээд яах юм бэ” гэж байхав.

АВЬЯАСТНУУДЫН “ҮРГЭЛЖЛЭЛ”
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргал хоёр дөрвөн сайхан хүүхдийн аав ээж Тэдний том охиныг Болормаа гэх бөгөөд ЗХУ-д оёдлын сургууль төгсч одоог хүртэл мэргэжилдээ үнэнч яваа нэгэн. Харин удаах охиндоо Одгэрэл гэж нэр өгсөн бөгөөд энэ охин нь “Тунгалаг тамир” кинонд тоглоход нь хамт тоглож байсан өнөөх 14 хоногтой охин нь.

Гэвч энэ охин нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж хагацал учруулан тэдэнд гашуун зовлон амтлуулсан юм. Таван хүүхэдтэй болж хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгийг холбоход БОЛОР гэсэн нэр үүсгэнэ гэсэн төлөвлөгөө гаргасан энэ гэр бүлийн төлөвлөгөө энэ гашуун зовлонгоос хойш тасарсан гэх.

Учир нь удаах охины нэр таараагүй болохоор дараагийн хүүхдүүдээ чулууг нь дагуулж нэр өгнө хэмээн Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэсэн нэрсийг хайрласан юм билээ. Энэ сайхан гэр бүлийн хоёр дахь охин Гантигмаа нь МҮОНТ-ийн дуу оруулагчаар ажиллаж байгаад өдгөө Москвагийн “Оросын дуу хоолой” радиод ажиллаж байгаа бол бага охин Жоншмаа нь кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилладаг. Харин хүү Эрдэнэбат нь гадаадад амьдарч байгаа юм билээ.

Continue Reading

Соёл Урлаг

Ц.Төмөрбаатар: Кино урлаг нэг нам, бүлэг хүмүүст үйлчилдэг зүйл биш

Published

on

By

”Бурхан өршөө” эмгэнэлт инээдмийн уран сайхны кино энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Киног “Big Line” студийн найруулагч З.Батболд найруулсан бөгөөд А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Энэхүү киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тоглосон.

Гэтэл тус киног АН-ын захиалгат кино хэмээн “Өргөө” кино театрт гаргахыг хориглосон юм. Өөрөөр хэлбэл, энэ кино нь улс төрийн сэдэвтэй, нэг намыг илт магтсан гэсэн шалтгаанаар гаргахыг хорьсон аж. Энэ талаар тус киноны гол дүрийн жүжигчин Ц.Төмөрбаатартай цөөн хором ярилцсан юм.

-“Бурхан өршөөг” киног АН-ын захиалгат уран бүтээл хэмээн ярих болсон. Гэтэл үүнийг батлах мэт кино театрт гаргахыг хориглолоо?

-Нэгдүгээрт манай киноны найруулагч АН-д мэдэгдэл хүргүүлсэн. Үүний хариу энэ гуравдугаар сарын 20-нд ирсэн. Тус намаас “Big line” студи бүтээж үзэгчдийн хүртээл болгосон гэх “Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн киног Ардчилсан нам захиалаагүй бөгөөд санхүүгийн болон бусад талын дэмжлэг үзүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл ирсэн.

Хоёрдугаарт энэ киног үнэхээр намын санхүүжилтээр хийсэн бол мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн санаа зовох зүйлгүй байх байлаа. Гэтэл энэ киног бүтээхэд хөрөнгө мөнгө дутсан. Бид үүнийг шийдээд л киногоо хийсэн гэж хэлмээр байна. Сонгууль ойртож байгаа болохоор аливаа нэгэн намын захиалгаар хийгдсэн гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол маш буруу ойлголт.

-Таныг АН-ын гишүүн учраас намын кинондоо гол дүр бүтээлээ гэх юм?

-Миний хувьд энэ намын гишүүн. Гэхдээ энэ киногоор бид Ардчилсан намыг сурталчлаагүй. Харин ардчилсан нийгэмд амьдарч байж нийгмийн үнэ цэнийг ойлгохгүй байгаа хүмүүсийн тухай энэ кинондоо гаргасан. Найруулагч маань нэг өдөр яриад кино хаагдлаа гэхэд би их гайхсан. Учрыг нь лавлахад, намын захиалгын кино гэж үзээд хаасан.

Өөрөөр хэлбэл, үзэгчдээс гомдол ирсэн болохоор гэсэн. Би уран бүтээлч, урлагийн хүн. Монголын урлагт зүтгэж байгаагийн хувьд ямар нэгэн үзэл бодол, чиг шугамыг ард түмэнд, үзэгчиддээ хэлж ойлгуулж, хүмүүжүүлж, боловсруулж, тэдний алдаа дутагдлыг шүүсжилж, ололт амжилтыг магтаж байж уран бүтээл гардаг гэж боддог.

Түүнээс биш зүгээр нэг нам, бүлэг хүмүүсийн үзэл бодолд үйлчилдэг зүйл биш. Кино гэдэг чинь урлаг учраас ард түмэндээ хандаж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх зүйл гэдгийг хэлмээр байна. Түүнээс гадна урлаг хүн болгонд таалагдаж байх зүйл биш.

-Нэг талыг баримталсан кино хийлээ гэх яриаг хэрхэн хүлээн авсан бэ?

-Урлагт ажиллаж байгаа найруулагч, жүжигчид гэхээр ямар ч нийгмийн идэвх үзэл бодол, чиг шугам байхгүй улс гэж боддог юм шиг байгаа юм. Энэ тийм биш. Нийгмийн хөгжлийн хурдаас нэг алхмын өмнө явж байж ард түмнээ араасаа дагуулж, хүмүүжүүлж явах учиртай хүмүүс.

Бид улс төр, түүхийн талаар мэдлэгтэй, ард түмний төлөө шаналж явдаг. Тийм болохоор өөрийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүйгээр, хэнд ч захирагдахгүйгээр хийх ёстой гэж бодож байна. Тийм ч учраас миний хувьд энэ кинонд тоглоход урам зоригтой байсан.

Continue Reading

Соёл Урлаг

Цовоо: Багшдаа загнуулаад сэтгэлээр унах үе зөндөө байсан

Published

on

By

“Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Ц.Энхманлайтай хамтран “Манай орцны миний багын дуунууд-2” цомгоо гаргасан СТА Д.Цовоотой ярилцлаа. Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч гээд олон сайхан мэргэжлийг эзэмшсэн тэрбээр энэ өдрүүдэд “Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Ц.Энхманлайтай хамтран “Хайрын дуу” цэнгүүнээ Баянгол зоогийн газарт хийж байгаа юм.

-Тоглолтын бэлтгэлээ базаагаад зав муутай байна уу?

-“Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Ц.Энхманлайтай хамтран “Манай орцны миний багын дуунууд” цомгоо гурван жилийн өмнө гаргасан. Түүний дараа бид хоёр “Хайрын дуу” тоглолтоо хийж байсан юм. Хоёр хоногийн өмнө “Манай орцны миний багын дуунууд-2” цомог хэвлэлтээс ирлээ. Хоёр цомгийнхоо уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоо хийхээр болсон.

Бид хоёр энэ удаагийн тоглолтоо мөн л “Хайрын дуу” гэж нэрлэсэн. Хүмүүсийн залуу насны дурсамжийг сэргээх, сайхан дуунуудыг хүргэнэ. Тоглолтод бидний сонсдог байсан орцны дуунуудаас гадна “Сөгнөгөрийн гол”, “Охиндоо” зэрэг уран бүтээлээ толилуулна. Би орос дуу дуулах дуртай. Тийм болохоор “Александра”-г дуулна. Мөн Ц.Энхманлай ах гэргийдээ зориулж зохиосон “Чамдаа дуулах дуу”-г хүргэнэ. Нийтдээ 40 гаруй дуутай тоглолт гурван өдөр олны хүртээл болгоно.

-Цомгийнхоо талаар танилцуулахгүй юу?

-Эхний цомогт 18 дуу багтсан. Сүүлд гарсан “Манай орцны миний багын дуунууд-2” цомог 14 дуунаас бүрдлээ. 1970-1990 он гээд гурван үеийг хамарсан дуунуудаас түүвэрлэсэн уран бүтээл орсон гэдгээрээ онцлог болсон. Өмнө нь болсон тоглолт дээр үзэгчид бүжиглэж, сайхан дурсамжаа сэргээсэн. Ер нь ирсэн бүх зочдын залуу насны дурсамжийг сэргээсэн сайхан тоглолт болсон. Энэ удаагийн тоглолт ч гэсэн сайхан уур амьсгалыг бүрдүүлэх байх.

-Орцны дуунууд гэхээр ихэвчлэн зохиогч нь тодорхойгүй дуунууд байдаг уу?

-Цомогт багтсан зарим дууны үгийг зохиосон хүн гарч ирсэн. Тухайлбал, “Амьдралдаа би анх удаа Нэгэн охинд дурлаж билээ Тэр нэгэн дурлал миний хувьд Бүтсэнгүй Тэр нэгэн охиноос зөвхөн нэр нь үлджээ Оюунаа Амьдрал гэж юу байдгийг Өөрөөсөө би асууж билээ Тэр нэгэн асуултад би хариулж Чадсангүй Тэр нэгэн хайраас зөвхөн нэр нь үлджээ” гэсэн үгтэй “Оюунаа” гээд дуу бий. Ц.Энхманлай ахтай дууны бичлэгт орох үед энэ дууны эзэн нь тодорч ямар түүхтэйг мэдсэн. Рок Р.Мөнхсайхан Москвагаас Монгол уруу ирэх галт тэргэнд Оюунаа нэртэй бүсгүйтэй танилцсан ч дахин уулзалгүй өнгөрсөн юм билээ. Тэгээд л Р.Мөнхсайхан Москвад сурч байхдаа энэ дууг бичсэн гэдэг.

-Ц.Энхманлай, Та хоёр нэг өдөр төрсөн гэж сонссон?

-Нэг удаа Ц.Энхманлай ахыг төрсөн өдөртөө урих гээд гэргий рүү нь ярьсан юм. Тэгсэн Ц.Энхманлай ах төрсөн өдрөө тэмдэглэж байна гэдэг байгаа. Тэгж л нэг өдөр төрсөн гэдгээ мэдсэн. Сүүлд Ц.Энхманлай миний төрсөн өдрөөр “Зөвхөн чамайг л” гэсэн сайхан дууг надад зохиож өгсөн. Тэр дуу энэ удаагийн тоглолтод анх удаа дуулагдана.

-Та дууны үг бичдэг үү?

-Сэтгэлдээ бодогдсон зүйлүүдийг мөр холбож бичдэгээс шүлэг зохиодоггүй. Гэхдээ ээж, аав, охин, эх нутагтаа зориулж бичсэн шүлэг бий. Би таван цомог гаргасан. Тэр болгонд 1-2 дууныхаа шүлгийг өөрөө бичсэн. Түүнээс биш зорьж шүлэг бичдэггүй.

-Оюутан байх үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Миний мэргэжил жүжигчин. Жүжигчин хүн бүх зүйлийг сурдаг. Тухайн үед балет, туялзуур жад, ярианы, уран чадварын гээд хичээл ордог байлаа. Одоо бодоход биднийг их цэнэглэдэг байж. Багшдаа загнуулаад сэтгэлээр унах үе тохиолддог л байсан. Тэр үед миний гоцлол дууны багш Ардын жүжигчин Г.Хайдав багш байсан юм. Сургуулиа төгсөөд театрт жүжигчнээр ажилласан.

Би багаасаа “Сайн байцгаана уу. Хүүхдүүд ээ” гэдэг нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Багаасаа телевизэд сэтгэл уяатай байсан болохоор радио уруу шилжсэн юм. Радиод алдартай зохиолчдын бүтээлийг найруулж “Алтан фонд”-д хийсэн. Тэгээд найруулагч хийж байхад “Өлзий пүүс” байгуулагдаж Улаанбаатар телевизэд анхны нэвтрүүлэгчээр ажилласан даа. Түүний дараа СУИС-ийн уртын дууны ангийг төгсч дуучин болсон.

-Та өвөрмонгол аялгаар сайн ярьдаг. Хэзээ энэ аялгийг сурсан бэ?

-Анх хоёр Монголын хамтарсан киног 1990 онд хийсэн. Тэр үед Дамдин найруулагч намайг авч явсан юм. Монголчууд Өвөрмонголыг төдийлөн мэддэггүй байсан үе л дээ. Тиймээс кино бүтээхэд хамтран ажилласан уран бүтээлчдийг дууриаж ярьсаар байгаад л сурчихсан. Түүний дараа Ш.Гүрбазар ахын тоглолт дээр хошин урлагийн жүжигчин Ж.Хүрэлбаатартай хамтран хошин номер үзүүлсэн нь үзэгчдэд их хүрсэн юм шиг билээ. Ер нь МҮОНТ, Өвөрмонголын “Одон” телевизтэй хамтран ажилладаг учраас цагаан сараар биднийг урьж туршлага солилцдог. Тэнд биднийг хамгийн хүндтэй зочин хэмээн хүндэлж байнга зөвлөгөө авдаг. Бидний хувцаслалтаас гадна үсний засалт нүүрний будалт гээд бүгдийг дууриана. Бид Өвөрмонголд гурван удаа уригдаж сар шинийн баярын хөтөлбөрийг нь хөтөлж байлаа. Хамгийн сүүлд мэдээний редакцийн урилгаар очиж зөвлөгөө өгсөн.

-Охиныг тань Монголд ирсэн гэж сонссон. Ээжтэйгээ адилхан урлагийн хүн үү?

-Би чинь тасралтгүй сурдаг охинтой хүн шүү дээ /инээв/. Миний охин АНУ-ын Нью-Йоркод дунд сургуулиа төгсч, Лондоны дээд сургуулийн Олон улсын харилцааны дипломатын ангийг дүүргэсэн. Монголд хоёр жил ирж ажиллаад өнгөрсөн жил Бээжингийн Газрын тосны их сургуульд магистраар суралцахаар явсан.

-Зээтэй болсон уу?

-Зээтэй болж амжаагүй л байна. Охиндоо хэлсэн чинь “Одоохондоо тийм юм битгий ярь” гэсэн. Би ч гэсэн саналыг нь дэмжиж сурах хэрэгтэй гэж бодож байгаа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Найзууддаа хоол хийж өгөх дуртай. Энэ нь нэг бодлын миний хобби юм даа. Найзууд маань ч гэсэн миний гарын хоолыг амтархан иддэг. Мөн юм оёх дуртай. Хүмүүс гадуур гарахдаа гоёлын зүүлт, чамин юм худалдаж авдаг бол би янз бүрийн даавуу авдаг. Бид мэргэжлийн онцлогоосоо хамаарч нэг хувцсыг олон удаа өмсдөггүй. Тиймээс хааяа өөрөө даашинзаа оёод өмсчихдөг.

-Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Мартын найман манай гэр бүлийнхний хамгийн том баяр. Энэ өдөр ээжийн минь төрсөн өдөр тохиодог учраас бид аавындаа цуглардаг. Ээждээ хэлэхгүйгээр гэнэтийн бэлэг барих дуртай. Заримдаа ээжээсээ “Юу авахуулах вэ” гэж асуухаар “Юу авдаг юм. Та нар минь ирвэл болоо” гэдэг. Ээж маань сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн гоё бэлэг гэж ярьдаг юм. Миний тоглолтыг ээж, гэр бүлийнхэн маань ирж үзнэ. Энэ нь нэг талаараа гэр бүлийнхэндээ барьж буй миний нэг бэлэг юм даа.

Continue Reading

Trending

error: Content is protected !!