Connect with us

Монгол Мэдээ

Аадар борооны улмаас ард иргэдэд хохирол учраад байна

Published

on

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр буюу 8 сарын 5-нд ширүүн аадар бороо орж сумын айл өрх, ард иргэдэд их хэмжээний эд материалын хохирол учирлаа. Одоогоор хөдөө малчин айл өрхүүдээс бүрэн мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.

Сумын Онцгой комисст очсон өдрийн мэдээллээр маш олон айлын гэр унасан, эвдэрсэн үерт явсан мөн байшин болон байшингийн дээвэр нь эвдэрчээ.

Ханбогд сумын Онцгой комиссын зүгээс Гэнэтийн гамшигт өртсөн хохиролоо барагдуулах багасгахад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон иргэдийг бүртгэж байгаа юм байна.

Мөн үерт унасан эвдэрсэн гэрүүдээс эзгүй айл өрхүүд олон байгаа тул гамшигт өртсөн иргэдийн ажлын газар, албан байгууллагаас нь анхаарал хандуулж ажиллахыг хүсье гэсэн уриалгыг гаргажээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

Баярт мэдээ: Сарангэрэл юмаа баглаад явахаар боллоо

Published

on

By

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан “Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүлж байна. Иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Ерөнхий сайд захирамж гаргалаа. Уг захирамжид Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа.

Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана. Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэл анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байна.

Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаас гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгийг албан ёсоор хэлье” гэв.

Continue Reading

Монгол Мэдээ

“Тунгалаг тамир”-ын Дулмаа

Published

on

By

Зууны шилдэг киноны нэг ”Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүрээр ард түмэнд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалыг монголчууд андахгүй. Тэрбээр Монголын cop болсон олон сайхан уран бүтээлд тоглосноос гадна өөрийн сурсан мэдсэнийг урлагт хайртай залууст зааж сургаж яваа гавъяатай хүн

. Бүхий л амьдралаа кино, дэлгэцийн урлагт зориулсан тэрбээр “Бодлын хулгайч” кинонд тоглож үзэгчдэд баяр, гуниг, ухаарлыг төрүүлж чадсан. Авьяас гэдэг агуу зүйл хэзээ ч хуучирч, хөгширдөггүйг өөрийн биеэр харуулж яваа энэ эрхэм жүжигчний талаар уншигчдадаа толилуулъя.

ДРАМЫН ТЕАТРЫН БОСГЫГ ДАВСАН Ч ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТ УРВАСАН НЬ
Ясны жүжигчин гэж толорхойлоход нэг их буруудахгүй жүжигчин Ш.Дэлгэржаргал уг нь дунд сургуулиа төгсөөд Москва хотод инженерийн сургуульд явжээ. Сайн инженер болно гэсэн сэтгэл өвөрлөн хүний нутаг зорьсон ч сургуулиа төгсөж амжаагүй байхад ар гэрт нь асуудал үүсч тэрбээр нутаг буцах шаардлага гарлаа. Өөрөөр хэлбэл хувь тавилан түүнийг инженер биш гэж тодорхойлов.

Ингээд л ар гэрийн гачигдлаар тэр сургуулиа орхиж. Азаар тухайн үед Пионерын ордны дугуйлангийн жүжиг ангийн багш Ш.Чүлтэмжамц, С.Дугар нартай таарлаа. Драмын урлагийн төлөө зүтгэх энэ эрхэм хүмүүс түүнийг “Чи ерөөсөө жүжигчин болох хүн. Чамайг театрт оруулна” гэснээр тэр бурхад чуулсан их өргөөний өндөр босгоор алхах нь тэр.

Нас залуу, цус шингэн ч чадна гэсэн сэтгэл өвөрлөсөн түүнийг Т.Цэвээнжав, Г.Гомбосүрэн, Э.Оюун, Н.Цэгмид, Р.Доржпалам гээд л дандаа мундгууд угтаж шалгаж гарлаа. Залуу бүсгүй чаддаг мэддэг бүхнээ шалгуулсан ч урлагийн бурхад “Маргааш өглөө хоёр ардын дуу бэлдээд ир” гэсэн хэцүүхэн даалгавар өгч орхив. Угаас дуунд тааруухан болохоор түүндээ эмзэглэж маргааш өглөө нь очиж зүрхэлсэнгүй.

Харин ч Драмын театрын өмнүүр өнгөрөн Хүүхэд залуучуудын театр руу орж А.Очирбат, Ц.Төмөрбаатар, Г.Энхтуяа, Д.Маамхүү найруулагч гэсэн хүүхэлдэйн театрын шилдгүүдэд шалгуулжээ. Азаар тэд дуу хууранд ямар болохыг нь шалгасангүйгээр барахгүй “Маргаашаас шууд ажилдаа ороорой. Дагалдан жүжигчнээр авлаа” гэсэн цөөн боловч гэрэл гэгээтэй үгийг амнаасаа унагах нь тэр.

Ш.Дэлгэржаргалын жүжигчний гараа ингэж эхлэв. Ийнхүү зургаан cap дагалдан жүжигчин хийж дуустал театр нь түүнийг сургуульд явуулах бичиг гаргаж Соёлын яаманд өгчихсөн байлаа. Энэ бол түүний авьяасыг олж харсан анхны үнэлгээ байсан юм. Гэвч Соёлын яамныхан түүнийг тийм ч таатай хүлээн авсангүй.

Зургаан cap ажилласан Дэлгэржаргал байтугай зургаа, долоон жил ажилласан хүн сургуульд явах гээд ээлжээ хүлээн чимээгүйхэн сууж байгаа гэсэн хатуу боловч үнэн үгийг түүнд дуулгалаа. Залуу бүсгүй миний сургуульд явдаг ч өнгөрчээ хэмээн гуниглангуй явж байтал Ардын жүжигчин, Л.Цогзолмаа таарч тус болсноор тэр кино драмын ангийн оюутан болсон гэдэг.

ХУВЬ ТАВИЛАН ДУУДСАН ДААРИЙМАА
Хувь тавилан гэдэг үнэхээр зурагдсан байдаг ажээ. Ш.Дэлгэржаргал хэрвээ “маргааш өглөө ирээрэй” гэсний дагуу Драмын тетарт очсон бол “Амархан явдал” хэмээх жүжгийн Даариймаагийн дүрд тоглох байж. Уг жүжгийн найруулагч түүнд Даариймаагийн дүрийг шууд оноочихсон байсан гэх.

Гэвч Хүүхэлдэйн театрт очоод тоглосон анхны дүр нь өмнө нь зугтсан Даариймаа байлаа. Гэхдээ “Амархан явдал” биш “Гэр бүлийн асуудал” нэртэй жүжгийн Даариймаагийн дүр байв. Тэгэхээр түүний урлагийн гараа ямар нэгэн Даариймаагийн дүрээр эхлэх ёстой байсан гэлтэй.

ДЭЛГЭРЖАРГАЛЫГ ДУЛМАА БОЛГОН ХУВИРГАСАН ТУНГАЛАГ ТАМИР
Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалын бүтээсэн олон зуун дүрүүдийн нэг нь Монголын ард түмэнд өдгөө ч хүндлэгдэж буй “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүр. Киноны найруулагчаар ажилласан Р.Доржпалам найруулагч түүнийг аль эртнээс Дулмаа хэмээн харчихсан байсан гэдэг. Гэвч хашир найруулагч оюутан бүсгүйд юу гэж энэ дүрд чамайг харж байгаа шүү гэж хэлэх билээ.

Харин Ш.Дэлгэржаргалыг кино үйлдвэрт явж байхтай таараад “Сахилгагүй оюутан. Кино эхлэх гэж байхад” хэмээн нэг том харчихаад явж. Учир нь Дэлгэржаргал түүнтэй таарахдаа удаах үрээ хэвлийдээ тээж явсан гэх. Хорвоогийн жамаар тэрбээр нялх үрийн зулайг үнэрлээд удаагүй байтал нэг өдөр гэрт нь УАЗ 469 машинтай баахан хүмүүс ирсэн нь өнөөх кино группынхан байлаа.

Өөрөөр хэлбэл Р.Доржпалам найруулагч, зураач П.Цогзол, А.Баттулга зураглаач, Ч.Долгорсүрэн, Д.Элбэгсайхан нар түүнийг сонжих гэж ирсэн нь энэ байжээ. Олон хүн хараад салганан чичирч хүүхдээ ч хөхүүлж чадахгүй суугааг тэд эс анзаарна. Р.Доржпалам найруулагч, А.Баттулга зураглаач хоёр түүний хоёр талд гарч нүдээ том жижиг болгож харах нь бүр ч сандралд оруулах. Тэгснээ найруулагч “Долоо хоноод кино үйлдвэр дээр ирж пробонд ороорой” гэж хэлээд гараад явчих нь тэр.

Энэ явдлын маргааш хүүхэд нь өвдөж тэрбээр хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж ес хонолоо. Нөгөө пробонд ороорой гэж хэлснийг нь ч мартаж орхисон байв. Эмнэлгээс гараад байтал бас л гэнэтийн зочид тэднийд саатсан нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ирж сандралд оруулсан киноныхон байв. Гэхдээ энэ удаад тэд машинаа томруулчихаж.

Нэг үгээр хэлбэл автобус дүүрэн хүн түүнийг шууд кино зураг авалтанд авч явахаар ирсэн байлаа. Тэд “Нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнийг хээр хөдөө авч явах гэлээ гэсэн аавынх нь дургүйцэлтэй тулгарахаа ч тооцоолсон бололтой. “Бид охиныг чинь гам алдуулахгүй. Тусдаа гэр барьж өгнө. Дандаа шинэ хонины шөл уулгана. Харин ч сайхан тэнхрүүлнэ. Хүүхдийг нь асрах хүнтэй аваад явна” гээд л ар араас нь тайлбар үг урсгаж гарлаа. Үүнийхээ хүчинд аавыг нь ятгаж дүүг нь асрагч эхээр авч явахаар болсон гэдэг.

УРЛАГИЙН ХАЙРЛАСАН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ
16-хан хоногтой нялх биетэй түүнийг натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан нь гарцаагүй. Ядахад хацар дээр нь хатиг гарчихсан гэж байгаа. Ямар сайндаа л Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй түүний нүдэн дээр Доржпалам найруулагчид “танай Дулмаа биш ээ. Би энэ киноны зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш” гэж хэлж байхав.

Гэвч Дэлгэржаргал түүний үгэнд эмзэглээгүй гэдэг. Учир нь натурт гарсан бүх хүн түүнийг энэ дүрд тэнцэнэ гэж бодож байгаагүй нь харцнаас нь илт байсан гэх. Тийм ч учраас жүжигчин бүсгүй болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодож суужээ.

Нэлээд юм болсны эцэст тахартай ноцолддог хэсэг буюу тэргэн дээрх хэсгийн зураг авалтыг авч зохиолч Ч.Лодойдамбад үзүүлтэл “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж уулга алдсан гэх. Ингэж тэр ээж аавынхаа өгсөн Дэлгэржаргал гэх нэрийг Дулмаа гэсэн уран бүтээлийн нэрээр сольж өдгөө ч Дулмаа хэмээн дуудагдаж яваа. Тиймдээ ч тэрбээр урлагийн надад хайрласан хамгийн том бэлэг бол “Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүр хэмээн ярьдаг юм билээ.

НАЙРУУЛАГЧИЙН НАРИЙН УХААН БУЮУ 10 ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТ
Доржпалам найруулагч түүнийг “Тунгалаг тамир”-т тоглуулснаас хойш 10-аад жил кинонд тоглуулаагүй гэдэг. Уг нь “Суварган цэнхэр уулс”, “Давааны цаана даваа” гээд л олон сайхан кино хийгдэж найруулагчид Ш.Дэлгэржаргалыг пробонд оруулах гэдэг ч Доржпалам найруулагч хасаад хаячихдаг байсан гэх. Бага залуудаа олон кинонд тогловол бүтээсэн дүрүүд нь хоорондоо холилдож жүжигчнийг таниулсан дүр үлдэхгүй гэсэн найруулагчийн нарийн ухаан энэ биз ээ.

ХАНИЙН ТҮШИГ
Ш.Дэлгэржаргалын талаар өгүүлэхэд С.Бужгар гэсэн хүний нэр яалт ч үгүй дурдагдах ёстой. Учир нь тэд нэг насны амьдралаа холбосон эхнэр нөхөр хоёр. Монголын урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан гавьяат жүжигчин С.Бужгар Монголд дээд боловсролтой жүжигчин бэлтгэж эхлэхэд анхны ангийг нь төгссөн хүн.

Их сургуулийн хятад хэлний ангийн гуравдугаар курст сурч байхад нь УБИС-ийн драмын ангид элсэлт авахад шалгалт өгч тэнцээд жүжигчний ангид орсон гэдэг. Бужгар дипломын ажлаа “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүрээр хийжээ. Тэрбээр Драмын театрт 13 жил ажиллахдаа гол болон туслах 68 дүр бүтээсэн юм.

Харин яагаад ч юм Бужгарын бүтээсэн дүрүүд ихэвчлэн өвгөний дүр байлаа. Магадгүй энэ нь тухайн үед нүүр хувиргалт сайн хийдэг байсантай холбоотой биз ээ. Бужгар уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг нь Дарханы Залуучууд театрт очоод Ленинд тоглосон дүрээс нь харагддаг.

Түүнийг Ленин болон тайзан дээр гарахад оросууд уулга алддаг байсан гэдэг. Ямар сайндаа л том охин нь хойно сурч байхдаа аавынхаа Ленинд тоглосон зургийн хальсыг угаалгах гэж зурагчинд ороход “дэлгүүрээр дүүрэн Лениний зураг байхад үүнийг угаалгах гээд яах юм бэ” гэж байхав.

АВЬЯАСТНУУДЫН “ҮРГЭЛЖЛЭЛ”
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргал хоёр дөрвөн сайхан хүүхдийн аав ээж Тэдний том охиныг Болормаа гэх бөгөөд ЗХУ-д оёдлын сургууль төгсч одоог хүртэл мэргэжилдээ үнэнч яваа нэгэн. Харин удаах охиндоо Одгэрэл гэж нэр өгсөн бөгөөд энэ охин нь “Тунгалаг тамир” кинонд тоглоход нь хамт тоглож байсан өнөөх 14 хоногтой охин нь.

Гэвч энэ охин нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж хагацал учруулан тэдэнд гашуун зовлон амтлуулсан юм. Таван хүүхэдтэй болж хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгийг холбоход БОЛОР гэсэн нэр үүсгэнэ гэсэн төлөвлөгөө гаргасан энэ гэр бүлийн төлөвлөгөө энэ гашуун зовлонгоос хойш тасарсан гэх.

Учир нь удаах охины нэр таараагүй болохоор дараагийн хүүхдүүдээ чулууг нь дагуулж нэр өгнө хэмээн Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэсэн нэрсийг хайрласан юм билээ. Энэ сайхан гэр бүлийн хоёр дахь охин Гантигмаа нь МҮОНТ-ийн дуу оруулагчаар ажиллаж байгаад өдгөө Москвагийн “Оросын дуу хоолой” радиод ажиллаж байгаа бол бага охин Жоншмаа нь кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилладаг. Харин хүү Эрдэнэбат нь гадаадад амьдарч байгаа юм билээ.

Continue Reading

Монгол Мэдээ

С.Жавхлан: Монголын төр засаг буурай нартаа эх орны хишгийг нь хүртээж чадахгүй бол би өгнө

Published

on

By

Монгол Улсын гавъяат жүжигчин С.Жавхлан улс эх орноосоо хувь хишиг хэмээн хүртэж чадахгүй байгаа нэг сая төгрөгийг өөрийн тоглолтынхоо орлогоос өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоор 27 саятанг төрүүлнэ. Түүний тоглолт энэ сарын 7-8-нд UB паласын концертын их танхимд болох юм билээ. Түүнтэй уулзаж яриа өрнүүлснээ уншигчдадаа хургэе.

-“Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтын талаар яриагаа эхэлье?

-Ижий хүн гэдэг бол эх оронтой ялгаагүй юм. Тийм учраас би “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтынхоо үеэр 21 аймгийн бол он төвийн зургаан дүүргийн ижий нараас сонгон тус бүр нэг сая төгрөг хандивлахаар зэхэж байна. Ер нь энэ тоглолтыг хандивын тоглолт гэж нэрлэж болно. Хэдийгээр нэг тасалбарын үнэ 25 мянган төгрөг ч гэлээ энэ бүгд хүмүүст хандив болон очно гэж ойлгох хэрэгтэй.

Тодруулбал өрх толгойлсон эмэгтэй болон ахмад настан буурлуудаас сонгож 27 хүнд нэг сая төгрөг өгнө гэж төлөвлөсөн. Энүүхэндээ гэхэд өнөөдөр Монголын төр засаг буурай нартаа эх орны хишиг гээд нэг сая төгрөг өгчихөж чадахгүй байна шүү дээ. Нэгэнт төр хэлсэн амандаа хүрч чадахгүй байхад нь заавал шаардаад байх албагүй. Монгол хүн бүрт сэтгэл байгаад буурай нартаа буян хишгээсээ хуваалцвал эх орны хишиг бүтэж болох юм гэсэн уриалгыг би энэ арга хэмжээгээрээ харуулахыг зорьж байгаа юм.

-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхланг Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбай дээр гал тахих ёс хийж байсныг санаж байна. Энэ үүднээсээ энэ удаагийн тоглолтоо “Галаа манасан бүсгүй” гэж нэрлээ юу?

-Монгол эмэгтэй хүн өнөөдрийг хүртэл их олон даваа нугачааг даван байж монгол айл өрхийг, гал цогийг, гал голомтыг унтраалгүй авч явж ирсэн. Энэ эмэгтэйчүүдээрээ бид өнөөдөр бахархах хэрэгтэй. Тийм учраас тэд нарыгаа монгол аялгуугаараа магтан дуулъя гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн юм.

-Та 2008 онд хийсэн “Түмний минь дуртай дуунууд” тоглолтоосоо хойш тоглолт хийхгүй байсаар энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ хооронд хүмүүс Жавхлан дорвитой уран бүтээл хийсэнгүй гэж шүүмжилж байсан. Жавхлан ард түмний шүүмжлэлийг хүлээн авч энэ тоглолтоо хийхээр болжээ гэж ойлгож болох уу?

-Энэ дөрвөн жилийн хугацаанд би уран бүтээлээсээ хөндийрсөн гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ хугацаанд миний уран бүтээл эх орны сэдэвтэй уран бүтээлээр үргэлжилж байсан. “Андгай”, “Өмөлзөн санах нутаг”, “Хөх шоргоолжны домог” гээд л олон уран бүтээл хийсэн. Таны хэлсэнчлэн үнэхээр “Түмний минь дуртай дуунууд” тоглолтоос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Нэг үгээр хэлбэл билет зарж уран бүтээлийн тоглолт хийсэнгүй гэх юм уу даа. Гэхдээ тооцоод үзэхээр эх орон, газар шороо гэж цөс цусаа буцалгаж эхэлснээс хойш долоон аймаг бас евронын 10-аад улс оронд үнэгүй тоглолт хийсэн байгаа юм.

Энэ үүднээсээ “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо мөн үнэгүй хийх боломжтой байсан. Гэвч эх орны хишгийг ээжүүдэд өгөхийн тулд би энэ тоглолтоо үнэтэй болгосон. Үнэтэй болгох болгохдоо нэг тасалбарын үнийг 25 мянган төгрөг гэж үнэлсэн. Бас Түмний гал бадраах ёслол” гэсэн ёслол үйлдэж энэ нь төрд хүртэл хүлээн зөвшөөрөгдөж өнөөдөр төр маань хүртэл галтай болчихоод байгааг энд дуулгах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь энэ хооронд би хоосон суугаагүй гэдгийг түмэн олон маань мэдэж байгаа байх.

-Энэ тоглолтынхоо орлогоос 21 аймгаас тус бүр нэг, бас дээр нь зургаан дүүргээс тус бүр нэг ээжид сая сая төгрөг өгнө гэсэн. Нэг дор 27-28 сая төгрөг хүнд бэлэглэхээр та тийм баян хүн үү?

-Олсныгоо бас зөв хуваалцдаг байя л даа. Зарим хүмүүс хулгайлсныгаа хуваалцахгүй байхад би ил олсныгоо хуваалцаж болно биз дээ. Тэгэхээс биш өнөөдөр баян цатгаландаа хүнд мөнгө өгөөд байгаа юм биш. Яахав хоёр идэхгүй хоосон хонохгүй болж л байна.

-“Галаа манасан монгол бүсгүй” тоглолт энэ сарын 7-8-нд хоёр өдөр болно. Тэгэхээр Жавхлан энэ хоёр өдөр дор хаяж 28 сая төгрөг олно гэж тооцоолж байгаа байх нь ээ?

-6000-ыг 25 мянгаараа үржүүлээд үз л дээ. Тэгэхэд миний орлого гараад ирнэ. Ер нь миний орлого тодорхой байгаа биз дээ. Хэрвээ бүр болохгүй бол би тоглолтынхоо зардлыг хасч байгаад ээжүүдээ баярлуулна даа. Гол нь энэ мөнгө нүдээ олсон байх хэрэгтэй гэдэг дээр их анхаарч байгаа. Би дээхнэ үед айлын хашаагаар явж байгаад хэд хэдэн айлд гэр олгож байсан. Энэ мөнгө ч гэсэн энэ байдлаар бодит судалгаан дээр үндэслэсэн нүдээ олсон байгаасай гэж хүсч байгаа. Тийм ч байна гэдэгт итгэлтэй байна.

-Бусад ээжүүдийг тоглолтоо хийж баярлуулна гэлээ. Харин өөрийнхөө ханийг яаж баярлуулах вэ?

-Олон улсын эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд миний галыг манаж байгаа бүсгүй миний тоглолтыг урилгаар үзнэ.

-Түмний маань гал бадраах ёслолын талаар түрүүнд цухас дурдаад өнгөрлөө. Энэ ёслол цааш үргэлжлэх үү?

Энэ хавраас цааш үргэлжлэх болов уу гэж бодож байгаа. Ер нь иймэрхүү зүйлийг аль болох олон хийнэ гэж бодож төлөвлөж байгаа.

-Та энэ удаагийн сонтуульд нэр дэвших үү?

-Энэ тухай би энэ сарын 9-нд буюу тоглолтоо дууссаны дараа ээжүүдэд сая төгрөг гардуулах еслолын үеэр сэтгүүлчдэд тодорхой мэдээлэх болно.

-Яагаад заавал есөнд гэж?

-Эхлээд тоглолтоо хийе л дээ. Дараа нь улс төржье.

-Ээжүүдэд сая төгрөг олгоно гэхээр яагаад ч юм сонгуулийн бэлтгэл яваад байна уу гэж бодогдсон учраас ингэж асуусан хэрэг л дээ?

-Юу гэж ойлгох нь таны дурын хэрэг. Ер нь би байгаараа л байгаа.

-Олсон орлогоо хүмүүст тараагаад өгнө гээд байх юм. Ер нь та ямар орлоготой хүн бэ?

-Яахав дээ болж л байна. Ард түмнийхээ хайр ивээлээр болж л байна.

-Та монгол бахархал, монгол омогшил гэж их ярьдаг. Монгол ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг хүний нэг нь та. Энэ үүднээсээ Монгол түмний уламжлалт цагаан сараар ёс төрөө эрхэмлэн дээдэлсэн нь тодорхой. Шинийн нэгэнд ямар ёслол үйлдэв? Шинийн нэгний нарыг харав уу?

-Би шинийн нэгний өглөөний морин цагийн нарыг гол өгсөж хардаг юм. Бяртай нар хардаг гэх үү дээ. Тэгэхээс биш жижиг нар хардаггүй. Тэгээд ч өглөөний нарыг наранд бүү бод өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг. Ер нь өглөөний нарыг харж уулын толгойг халцлах монгол ёс биш юм. Энэ мэтчлэн яривал их юм байна. Энүүхэндээ гэхэд би өөрийнхөөрөө л явдаг хүн.

-Жавхлан нэг хэсэг бараг л улс төрч болчихоод байсан. Харин одоо дахиад уран бүтээл рүүгээ орж байна уу?

-Аль алийг нь хийх хэрэгтэй. Бид нар хулчийгаад айгаад байвал биднийг мөлжих, идэх хүн цаана чинь зөндөө байна. Тийм учраас аливаа юмнаас хулчийж болохгүй. Хэрвээ айгаад байх юм бол мөлжүүлээд дуусна. Тэгээд ч улс төр гэдэг чинь уул ус түмний өр сэтгэл гэсэн үг юм гэнэ билээ. Би түмэн олондоо өр сэтгэлээ л өгч байгаа хүн. Боловсролтой хүн л түмний төлөө явдаг юм биш шүү дээ. Уул ус түмнийхээ өр сэтгэлийг хамгаалахын тулд ёс заншлаа хамгаалж авч үлдэхийн тулд би тэмцэж байгаа.

-Өөрийн чинь уран бүтээл нэг хэсэг нэлээд улс төржсөн өнгө аяс руу шилжсэн байсан. Одоо ямар чиглэлээр уран бүтээл хийж байна?

-Аль аль чиглэлийн уран бүтээл хийж байгаа. Харин энэ удаагийн тоглолт бол цэвэр баярын өнгө аястай ээжүүдийгээ магтан дуулсан дуунуудаас бүрдэнэ. Улс төрийн сэдэвтэй дуунууд энэ тоглолтонд нэг ч дуулагдахгүй. Тэгээд ч миний урын сангийн 80 хувь нь ээжийн тухай дуу байдаг. Энэ сайхан дуунуудаа хоёр цаг 40 минутын турш эгшиглүүлнэ.

-Та “Түмний гал тахих” ёслолын үеэр нуман захтай дээл өмсөхийг ард түмэнд уриалж өөрөө дээлийнхээ зах нударгыг тасдан хаяж байсан?

-Эртний монголын хүчирхэг хаадын дээлийг та бүхэн хараарай. Тэд бүгд ийм дээлтэй байсан. Ер нь бид хүчирхэг байсан үеэ дурсаж явах ёстой. Тэгэхээс биш хүмүүст адлуулан нударга зүүж хоолойгоо захаар боомилуулах ёсгүй. Өөрөөр хэлбэл дарлагдаж байсан үеийн соёлыг бид өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлээд явж байна. Манжийн дарлалаас гарсны 100 жилийн ойн үеэр би манжуудын тэр ёсыг халъя гэж ард түмэндээ уриалсан. Хэдийгээр бид манжийн дарлалаас гарсан ч гэсэн соёлоор нь дарлуулаад байж болохгүй. Бидний хоолойг боомилуулах гэж зах хийн товчтой болгосон, үхэр монголчууд гэж үзэн ханцуйд нь туурай залгасан шүү дээ, манжууд. Энэ соёлын дарлалыт устгая гэсэн үүднээс би тийм үйлдэл хийсэн. Тэр цагаас хойш өөрөө нуман энгэртэй дээл өмсөх болсон. Энэ удаад ч гэсэн нуман энгэртэй монгол дээлээрээ
гоёлоо.

-Тоглолтын тасалбар Монгол Улсын газрын зургийн хэлбэртэй юм. Энэ таны санаа байсан уу?

-Тиймээ. Миний хийсэн бүхэн монгол сэтгэлгээ байдаг шүү дээ. Түүнээс гадна ижий гэдэг хүн маань эх орон минь биз дээ. Энэ утгаар би тоглолтынхоо тасалбарыг газрын зураг шиг байдлаар хийсэн.

-Жавхланг ард түмэн улс төрч байлгахаас илүүтэйгээр уран бүтээлч байлгах гэж тэмүүлдэг. Энэ талаар таны бодол?

-Далайд дусал нэмэр гэдэг шиг аль алинд нь би оролцож явах ёстой юм болов уу гэж боддог. Хүмүүс намайг улс төржиж байна л гэх юм. Боловсролтой гэж өөрийгөө боддог хэдэн диплом цуглуулсан, дандаа гадаадаар ярьдаг, гадаад хувцсаар өөрийгөө гоёдог, Монголынхоо төлөө биш гадаадын хүмүүстэй хамтарч ажилладаг, тэдний гар хөл болсон хүмүүсийг улс төрч гэж хүмүүс андуураад байх шиг байна. Уул ус, түмнийхээ өр сэтгэлийг хамгаалах гэж төрсөн хүнийг л улс төрч гэдэг юм гэж дахин хэлье. Төрийн төлөө оготно боож үхнэ гэж ярьдаг. Би ч яахав нэг оготно л байгаа биз. Өөрийгөө голохгүйгээр хийе бүтээе гэснээ хийж л байна. Хүмүүс яаж хүлээж авах нь надад сонин биш.

-Тэгвэл Жавхлантай улс төр Жавхлангүй улс төр хоёрт ялгаа байх уу?

-Далайд дусал нэмэр гэж миний оролцоо улстөрд төдийлөн сайн биш ч ард түмэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлж байгаа. Өнөөдөр ардтүмэн монгол хувцсаараа их гангардаг болсон, галаа ч бас дээдэлдэг болсон. 2009 оны нөхөн сонгуулиар би Чингэлтэйд унасан баатар шүү дээ. Тэр үед би монгол амьдрал, монгол ёсноосоо, монгол дээлнээсээ эхэлнэ гэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр сургуулиуд хүүхдүүдээ монгол дээл өмсөхийг шаарддаг болсон.

-Хэрвээ Жавхлан улс төрд орчихвол уран бүтээлээ хийх үү. Эсвэл Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ дэвжээгээ орхисон шиг Жавхлан тайзаа бас орхих уу?

-Энэ багалзуур хоолой энэ биедээ байсан цагт би дуулсаар л байна. Тэгээд ч төрийн дууллыг солгой биш зөв хоолойтой хүн дуулмаар байна ш дээ. Гэхдээ энэ төрийн ордон чинь өнөөдөр театр болчихсон юм биш үү. 76 их гоё жүжигчинтэй театр болчихож гэж би сонссон шүү.

Continue Reading

Trending

error: Content is protected !!